Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс АНУ, ОХУ, Хятадын араас “дуунаас хурдан зэвсэг” бүтээх болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүчирхэг гүрнүүд дуунаас хурдан зэвсэг бүтээх өрсөлдөөн эхлүүлээд байгаа. Одоогоор ОХУ, Хятад, АНУ улсууд энэ чиглэлд ажиллаж, түрүүчээсээ армийн зэвсэглэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Тэгвэл Франц улс тэдний араас “дуунаас хурдан зэвсэг” бүтээх уралдаанд орсноо саяхан зарлажээ.

Дууны хурднаас доод тал нь тав дахин өндөр хурдтай нисдэг, нисэх замдаа чиглэлээ өөрчлөн жолоодогддог тул ийм зэвсгийг илрүүлж, устгах боломж маш бага юм.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орноос “дуунаас хурдан зэвсэг” бүтээж эхэлсэн дөрөв дэхь улс нь Франц болж байна.

Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли цагт 6,000 км хурдлах чадвартай пуужин бүтээх ажил эхэлсэн бөгөөд 2021 оны сүүлээр турших төлөвлөгөөтэй байгааг зарлажээ.

V-MaX (Experimental Manoeuvring Vehilce) нэртэй төсөл эхэлж байгааг зарласан Парли “Олон улс орон энэ чиглэлд ажиллаж байна. Дуунаас хурдан зэвсэг бүтээх ноу хау манайд байгаа. Одоо бидэнд хүлээх цаг байхгүй” гэж ярьсан байна.

Төслийг ArianaGroup компани гүйцэтгэхээр болжээ. Тус компани нь Airbus, Safran компаниудын хамтарсан охин компани юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ “Авангард” нэртэй дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа зарласан. Туршсан пуужингийн хурд дууны хурднаас 27 дахин өндөр буюу 33,000 км/цаг байсныг Кремлиэс мэдээлж байв.

“Ийм хурдтай пуужинг устгах зэвсэг одоогоор байхгүй” гэж ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов ярьж байжээ.

Хятад улс 2014 оноос хойш дууны хурднаас 5-10 дахин хурдтай зэвсэг хэд хэдэн удаа амжилттай туршсан тухай мэдээлэл цацагдаад байна.

Өнгөрсөн онд АНУ-ын армийн Номхон далайн командлагч асан Харри Харрис “Хятадын дуунаас хурдан зэвсгийн хөгжил манайхаас түрүүлсэн…” хэмээн ярьж байжээ.

 

Эх сурвалж: AFP