Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн хөрш улс руу 5,000 цэрэг илгээхээр АНУ төлөвлөж байгааг Болтоны тэмдэглэл харуулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Венесуэлийн газрын тосны компанид хориг тавьж байгааг АНУ-ын сангийн сайд болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ.

Хэвлэлийн хурлын үеэр үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны барьсан тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн зүйлийг сэтгүүлчид камерны бичлэгээс тодруулж харсан байна.

Түүнд бичигдсэн зүйл нь “Afghanistan->Welcome the Talks. 5,000 troops to Colombia” гэж байжээ.

Саяхан Афганы Талибуудтай хийсэн хэлэлцээр нь үр дүнтэй болсон тухай АНУ-ын албаныхан мэдээлж байсан. Харин Колумби улс руу 5,000 цэрэг илгээх тухай тэмдэглэл нь цоо шинэ мэдээлэл байлаа.

Цагаан ордноос Жон Болтоны тэмдэглэлийн талаар тодруулахад “АНУ-ын ерөнхийлөгч Венесуэлийн дэглэмийн эсрэг бүх боломжит арга хэмжээг авахад бэлэн байгаа” гэсэн хариулт өгсөн байна.

Өөрөөр хэлбэл цэрэг зэвсгийн хүч ашиглах хувилбарыг үгүйсгээгүй юм.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа хамгийн түрүүнд АНУ-ын засаг захиргаа түүнийг хүлээн зөвшөөрсөн.

Тиймээс АНУ-ын холбоотон Колумбийн нутаг дэвсгэрээр дамжуулан Венесуэльд цэрэг оруулах боломжийг Вашингтоны эрх баригчид судалж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Business Insider