Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч нь гадны компани байх юм бол дахин авч үзэх нөхцөл байдал тогтоогдох байсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байна” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд удаа дараа мэдэгдсэн. 

Тэгвэл энэ асуудлын талаар “Монголын зэс корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс тодрууллаа. 

Тэрбээр “Бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүсэлт өгөхөөр ирсэн юм. Энэ хүсэлтэд Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувь төрийн өмчид бүртгэлтэй байгаа. Үүнийг баталгаажуулахыг гэж албан ёсоор хүсч байгаа юм.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн бүгд төрөөс томилогдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал төрөөс томилогдсон. Энэ тохиолдолд манай компанийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийг гадаадын компанид худалдана гэсэн ямар ч боломж бололцоо байхгүй. 

Манай компанийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдана гэж тооцоогүй. Монгол Улсын иргэд үр шимийг нь хүртэнэ гэж боддог.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн дэлгэсэн бичиг дээр Пүрэвтүвшин миний нэр дээр байгаа компани өөрөө өөрийнхөө компани руу шилжүүлэх процесс болох байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд энэ баримтыг дэлгэснээр процесс зогссон. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт ашигтай байсан юм.

Юу гэхээр, Стандарт банкны хэрэг 2016 онд эцэслэгдсэн. Тухайн үед нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 120 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон. Арбитрын шийдвэр гарсан учраас удахгүй үүнийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдана. Энэ нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалтттай буюу Сингапурын компани байвал тэр үед шинэ нөхцөл байдал илэрсэн буюу дахин авч үзэх нөхцөл байдал тогтоогдох байсан юм. 

Яагаад Сингапурынх вэ гэхээр тус улсад олон улсын томоохон арбитар байршдаг. Англид арбитрын шийдвэр гарсан учраас цаашдаа авч үзэх цорын ганц боломжтой улс нь Сингапур. Сингапурын хөрөнгө оруулалттай компани байлаа гэхэд хөрөнгийг нь хураах, дансыг нь битүүмжлэхэд бэрхшээлтэй болох байсан юм.

Бид төлбөрийн 300 тэрбум төгрөгийг бууруулах зорилготой байсан. Үүнийг манай компани Англид байдаг хуульчидтайгаа зөвшилцсөний үндсэн дээр хийх гэж байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа зогсох тийшээ хандаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ гишүүн манай компанийн ажилтан Номундарь гэдэг бүсгүй рүү шилжүүлсэн мэтээр яриад байгаа. Тэр бол итгэмжлэгдсэн төлөөлөгч. Улсын бүртгэлд бичиг аваачиж өгөх гэж байгаа л хүн шүү дээ. Тэр бичиг дээр Улсын бүртгэлд бичиг хүргүүлэхэд энэ хүнийг томиллоо гэсэн байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж томилсон хүнийг “1995 оны хүүхэд рүү шилжүүллээ” гэж ор үндэсгүй зүйл яриад байгаад харамсаж байна.

Төрийн түшээ хүн өөрийнхөө зорилтыг биелүүлэхийн тулд давуу байдлаа ашиглаж, төрийн ордноос худал мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

Энэ ажиллагааны эцсийн зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ашигтай байх нөхцөл бий болгох л байсан юм. 

“Монгол зэс” корпарацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Хоёр хүн хоорондоо шүүхдэж байхдаа өөртөө сайнаар шийдүүлэх гэж байгаа стратегиа нөгөө талдаа мэдүүлдэггүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь Стандарт банканд давуу байдал бий болгочихлоо

Гадаадад боловсрол эзэмшсэн гэдэг залуу гишүүд маань Монгол Улсад ашиггүй байдал бий болгочихлоо. Сүүлийн 2-3 өдөрт болж буй үйл явдал Монгол Улсыг 300 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой нөхцөл рүү түлхэж байна.

Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн эрх ашгийг хамгаалж байсан үйлдэл. Энэ бичиг баримтын нэг хувь нь манай компанид. Нөгөө хувь нь Улсын бүртгэлийн газарт л байсан. Улсын бүртгэлийн газар нь Хууль зүйн яаманд харъяалагддаг. Монгол Улсын иргэдийн мэдээллийг нууцлах ёстой байгууллага. Гэтэл үүний үр дагаварт Монгол Улс 300 тэрбум төгрөгөөр хохирох нөхцөл бий болоод байна. 

Эрдэнэт үйлдвэрт хувийн өмчлөл бий болсноор үеийн үед яригддаг байсан шахааны асуудал багасаж тендер зарлагддаг болсон. Шахаа хийж чадахаа больсон хүмүүс ийм асуудал босгож ирдэг. Энэ бүхний эцэст Монгол Улс хохирч байна.