Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулна"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дунд тамхины хяналтын тухай хууль батлан, дагаж мөрддөг олон улс бий. Гэвч бодит байдал хууль хэр сайн хэрэгжиж байгаа үнэлж, дүгнэх нь хүндрэлтэй байдаг ажээ. Тиймээс тус байгууллагаас хуулийн бодит биелэлтийг дүгнэхээр туршилтын судалгааг хийж байна. Ингэхдээ бүс нутаг бүрээс нэг улсын сонгон хамруулж байгаагийн нэг нь манай улс. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг судлахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ажиллаж байна. Энэ талаар СЭМҮТ-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулгаас тодрууллаа. 

-Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалж байгаа гэсэн. Судалгааны ямар арга ашиглаж байгаа вэ?

-Хуулийн хэрэгжилтийг судлахдаа тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг болон тамхигүй орчин бүрдүүлэлт гэсэн хоёр зүйл дээр төвлөрөн судалж байна. ДЭМБ-аас явуулж буй туршилтын судалгаа нь гурван төрлөөр явагдаж байгаа. Үүнээс хоёр дээр нь манайх ажиллаж байгаа юм. Тухайлбал, нэгдэх нь судлаач нарыг сурган боловсролын, засаг захиргааны, эрүүл мэндийн байгууллага зэрэг найман төрлийн байгууллагад 3-5 минутад ажиглалт хийлгэнэ. Ингээд судлаач нар судалгааны аппликэйшнд хэрэглэгчийн нэрээрээ нэвтэрч, газрын зураг дээр байршлаа оруулаад өгөгдсөн 5-6 асуултад хариулах юм.

Энэхүү хариулт нь ДЭМБ-ын мэдээллийн баазад очно. Асуултууд нь маш энгийн бөгөөд уг судалгааг Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт явуулж дууссан. Хоёр дахь судалгаанд иргэд өөрсдөө гар утсаараа дамжуулан оролцох боломжтой. 

Гуравдах нь мэргэжилтнүүдтэй уулзах бөгөөд үүнийг ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас хийнэ. Туршилтын судалгаагаар бодит байдлыг тандан гаргахаас гадна цаашид судалгааны ямар аргыг хэрэглэвэл үр дүнтэй, хямд төсөр байх вэ гэдгийг тодруулах зорилготой. 

-Үр дүн нь хэзээ тодорхой болох вэ?

-Эцсийн үр дүнг зургаадугаар сард танилцуулна. Судалгаагаар гарсан дүгнэлт, зөвлөмжийг Засгийн газарт өргөн барих байх. Үүнээс хамаарч манай улс тамхидалтын бууруулх бодлогоо тодорхойлох, шаардлагатай бол тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх зэргээр ажиллах боломжтой. Монголд үлдэх хамгийн гол үр дүн нь энэ юм. Тамхины хяналтын тухай хууль бол олон зүйл заалттай. Тиймээс үүнийг бүхэлд нь үнэлэх бэрхшээлтэй байх талтай. Зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, санхүүжилт болон тамхигүй орчин бүрдүүлэх нь харьцангуй чухал ач холбогдолтой учраас ДЭМБ үүнийг онцолж байгаа болов уу.  

-Судалгааны явцад нийтлэг ажиглагдсан дутагдал, анхаарах зүйл нь юу байсан вэ?

-Судалгааны явцад орон нутгийн албан байгууллагууд тамхигүй орчин гэсэн сурталчилгааг тун бага хийж байгаа нь ажиглагдсан. Түрүүн хэлсэнчлэн, зар сурталчилгаа бий эсэхийг судлахдаа бид санамсаргүйгээр телевизийн суваг сонгон авч, 20-30 минутын турш ажиглан тамхитай холбоотой дүрс гарч байна уу, далд хэлбэрээр сурталчилсан байж болзошгүй юу зэргийг судалж байна. 

-Тамхины хор хөнөөлийг сурталчлахын хажуугаар тамхинаас гаргах бизнес ч хөгжөөд байна. Бохь, наалт, электрон тамхи зэрэг нь хорт зуршлаа хаяхад тусалж чадах уу?

-Манай улсад тамхидалт өндөр байгаа. Нийт хүн амын 27 хувь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Хавдар, цус харвалт, зүрх судасны эмгэг, хөхний хавдар зэрэг олон өвчний яагаад их тохиолдох болов гэдгийн нэг хариулт нь тамхи. Хүмүүс тамхинаас гарах гэж нэг, хоёр удаа оролдоод чадахгүй байна гээд эргээд тамхи татаад эхэлдэг. Тэгвэл та хоёр удаа оролдож үзээд чадаагүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Тамхинаас гаргана гэсэн олон төрлийн бүтээгдэхүүн гарсан. Үүнээс электрон тамхийг бид зөвлөдөггүй. Учир нь энэ нь утаагүй гаргахгүй болохоос биш никотин агуулдаг. Харин эм, бохь, наалт бол эмчилгээнд ашигладаг бүтээгдэхүүн. Мэргэжлийн эмч нар сэтгэл заслын эмчилгээ хийсний дараа эм, бохь эсвэл наалтыг санал болгох нь элбэг. Олон улсын түвшинд эдгээрийг зургаан сарын турш хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Тамхинаас гарах гэж буй хүмүүст бие, сэтгэл зүйн хувьд гардаг таагүй байдал үүсдэг бөгөөд түүнийг нь эм, бохь, наалт зэрэг багасгаж өгдөг. 

-Элдэв бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр өөрөө шийдэн тамхинаас гарах гэж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тамхинаас гарахад баримтлах “Зургаан З”-гийн зарчим гэж бий.

  1. Зарла. Ойр хавийнхандаа тамхинаас гарч байгаагаа зарлах ёстой.
  2. Завгүй бай.
  3. Зөвхөн шингэн уу. Цэвэр ус сайтар уух хэрэгтэй.
  4. Зайлсхийх. Тамхи татмаар санагдах 3-6 минутад тэвчээд өнгөрөөх хэрэгтэй. 
  5. Зөв амьсгалах. Гүнзгий амьсгал авч байх
  6. Залбирах. Дотоод сэтгэлдээ шүтдэг зүйлдээ залбирах хэрэгтэй гэсэн зарчим байдаг.