Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Москвагийн Третьяковын галерейгаас үнэтэй ховор бүтээлийг олны нүдэн дээр хулгайлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын нэртэй зураач Архип Куинжигийн үнэтэй, ховор бүтээлийг Москвагийн Третьяковын галерейгаас гэгээн цагаан өдөр хулгайд алдсан хэрэг өчигдөр буюу Ням гарагт гарсан байна.

Хулгайлагдсан бүтээл нь “Ай Петри. Крым” байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр 20 гаруй насны өндөр, шаргал үстэй залуу олон арван үзэгчдийн нүдэн дээр зургийг хананаас буулгаж аваад явсан байна.

Түүнийг музейн ажилтан гэж бодсон үзэгчид хэдэн минутын дараа хулгайч болохыг нь мэджээ.

Одоо Москва хот даяар хулгайлагдсан бүтээлийг эрэн сурвалжилж байна. 39 x 52 см хэмжээтэй зургийг жаазнаас нь салгаж авч явсан бололтой. Куйнжигийн ижил хэмжээтэй уран зургийг хэдхэн жилийн өмнө нэг цуглуулагч сая орчим ам.доллараар худалдан авч байжээ.

Алдагдсан бүтээлийг Куинжи 1898-1908 оны үед Крымьд амьдарч байхдаа зурсан байна. Зурагт Крымийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг 1,234 метр өндөр Ай-Петри уулыг дүрсэлжээ.

Өчигдөр Архип Куинжигийн төрсөн өдөр байсан юм. Тэрээр одоогийн дорнод Украины Маниуполь хотод 1842 оны нэгдүгээр сарын 27-нд мэндэлжээ.

Куинжиг Оросын урлагийн түүхэнд төрөн гарсан байгалийн хамгийн шилдэг зураачдын нэг гэж үздэг. Түүний гэрлийн тусгалыг дүрслэх чадварыг мэргэжилтнүүд давтагдашгүй гэж үнэлдэг юм.

Третьяковын галерей аравдугаар сараас эхлэн Куинжигийн бүтээлүүдийг нэгтгэн үзүүлж байгаа. Ингэхдээ өөрийн сан хөмрөгөөс гадна гадаадад гарсан бүтээлүүдийг нь зээлээр авч ирсэн байна. Хулгайлагдсан зургийг галерей 12 сая рублиэр ($182,000) даатгаад байжээ.

Энэ нь Куинжигийн бүтээл хулгайд алдагдсан анхны тохиолдол биш. 2011 онд Оросын Челябинскийн галерейгаас түүний хоёр уран зураг алдагдаж байв.

Өнгөрсөн онд Куинжигийн “Днепр” нэртэй ноорог зураг Волгоградын музейгээс алдагдсан юм.

Эх сурвалж: Russia Today