Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсэг зурвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлав

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн билээ. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ. 

Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй ажээ. 

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 

6.6-д гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно хэмээн заахдаа 

  • 6.6.1. нас барсан;
  • 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд хэмээн хуульчилсан байдаг ч Дэгийн тухай хуульд давхар тусгаагүй байдгийг С.Эрдэнэ дурдав.

Тиймээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйл буюу "Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам"-д "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" нэмэлт заалт оруулахаар санаачилсан байна. 

Ингэхдээ дээр дурдсан Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.6-р заалтуудад дурдсан үндэслэлүүдээс гадна сонгогчдын 1/3-ын гаргасан санал гарын үсгээр баталгаажвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Байнгын хорооны дарга УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ зэрэг заалтуудыг оруулж байгаа аж. 

Мөн Сонгуулийн тухай хуульд холбогдох заалтыг оруулах юм байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргаж, гарын үсэг зурсан иргэдийн жагсаалтыг хамгийн сүүлд болсон сонгуульд санал өгсөн иргэдийн нэрстэй тулгаж, 60 хоногийн дотор баталгаажуулж өгөх үүрэг хүлээх аж. 

С.Эрдэнэ "Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуульд сонгогдсон 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэднээс нэг гишүүн нь хүчиндэх гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний 1/3 орчим хувь нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа.  

Монгол Улсын ерөнхий прокуророос албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн бусад гишүүддээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болоод буйн тод жишээ" гэдгийг онцолсон юм.

Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон үндэслэлд тулгуурлаж, олон оронтой харьцуулсан судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгээ АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн.  
 
Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилсан байдаг байна.