Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Шар хантаазтан”-ы тэмцлийн эсрэг “улаан ороолттой” иргэд Парист жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хоёр сар гаруй хугацаанд Франц даяар өрнөж буй шар хантаазтан иргэдийн тэмцлийг эсэргүүцсэн анхны жагсаал өчигдөр буюу Ням гарагт Парисын гудамжинд болжээ.

Тэд Францын Бүгд Найрамдах засаглалыг дэмжиж, хүчирхийлэл, тогтворгүй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хүзүүний улаан ороолтоор ижилссэн 10,500 орчим хүн Парис хотод жагссаныг цагдаагийн газар мэдээлжээ.

Урд өдөр нь Парист болсон шар хантаазтануудын ээлжит жагсаалд 4,000 гаруй иргэн оролцсон бол Франц даяар жагсагчдын тоо 69,000-д хүрсэн байна.

Арваннэгдүгээр сарын дундуур шатахууны татвар нэмэгдэж байгааг эсэргүүцсэн иргэд анх тэмцлээ эхэлсэн бол сүүлдээ ерөнхийлөгч Эммануэл Макроны бодлогыг бүхэлд нь буруутгах болсон юм. Сүүлийн үед тэдний тэмцэл хүчирхийллийн шинжтэй болж, антисемитизмын ёсолгоо үзүүлэх, сэтгүүлчдийн биед халдах, засгийн газрын байр руу довтлох зэрэг үзэгдэл нэмэгджээ.

Тиймээс “10 долоо хоногийн турш чимээгүй гэртээ нуугдаж байсан” Парисын иргэд хүчирхийллийг зогсоож, амар амгалан амьдрах хүслээ ингэж илэрхийлсэн байна.

Тэд өөрсдийгөө шар хантаазтаны тэмцлийн эсрэг биш, харин хүчирхийллийн эсрэг гэдгээ мэдэгдэж байгаа юм. Бямба гарагт болсон шар хантаазтаны жагсаалын үеэр уг хөдөлгөөний удирдагчдын нэг Жером Родригезын нэг нүд цагдаа нарын буудсан резинэн суманд оногдож, хүнд гэмтсэн байна. Барилгын ажилчин, 40 настай Родригезын нэг нүд байнгын хараагүй болох магадлалтай байгааг өмгөөлөгч нь мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: AFP