Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн тойргийнхоо ахмадуудтай уулзалт хийх үеэр 83 настай иргэн нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг purewsuren tuyanemeh цахим хаягаас авав

“Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон нэгэн өндөр настан олны хөлд дарагдан нас барсан хэрэг өнгөрөгч Бямба гарагт гаржээ. 

Тодруулбал, Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-нд  тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна. Гишүүний тараасан бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, тавгийн чихэр тус бүр нэг нэг кг багтсан байжээ.

Уулзалтын төгсгөлд энэхүү золгүй явдал болсон аж. УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байж. 

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан. Шалгаж байгаа” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслахтай утсаар холбогдож, хэргийн талаар тодруулахад “Тийм зүйл болсныг мэдэхгүй байна” гэсэн хариулт өгөв.

Яаралтай түргэн тусламжийн төвөөс болсон явдлын талаар лавлахад “Улаанбаатар паласт өндөр настай хүний бие муудлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очсон ч эмнэлгийн тусламж үзүүлэхээс өмнө амьсгал хураасан байсан. Болсон явдлын талаарх нарийн мэдээллийг бид цагдаагийн байгууллагад өгсөн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт хэлсэн юм.