Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Грекийн парламент Македон улсын нэрний өөрчлөлтийг дэмжих түүхэн шийдвэр гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бараг 30 орчим жилийн турш Македон улсын нэрийг эсэргүүцэж, Европын Холбоо, NATO зэрэг байгууллагуудад элсэхийг нь бойкотлон саад хийдэг байсан Грек улс өчигдөр түүхэн шийдвэр гаргалаа.

Тус улсын 300 суудалтай парламентын 153 гишүүн өчигдөр өөрийн умард хөрш болох Македон улсын “Умард Македоны Бүгд Найрамдах Улс” хэмээх албан ёсны шинэ нэрийг дэмжих санал өгсөн байна.

Грекийн түүх соёлтой гүнзгий холбоотой, мөн Грекийн хойд мужийн нэртэй давхцдаг Македон хэмээх нэрийг Югослав улс задрахад байгуулагдсан славян үндэстний жижиг улс өөртөө авсан нь урт удаан үргэлжилсэн дипломат маргааны эхлэл болсон юм.

Хоёр долоо хоногийн өмнө Македон улсын парламент үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргаад байв. Дараа нь тэд хөрш Грек улсын албан ёсны шийдвэрийг хүлээж байсан юм.

Грекийн иргэдийн зарим хэсэг шинэ нэрийг эсэргүүцэж, Македон гэдэг үгийг нэрэндээ огт хэрэглэхгүй байхыг умард хөршөөсөө шаардан тэмцэж байв. Мөн Македоны иргэдийн зарим хэсэг ч нэрэндээ “Умард” гэх тодотгол нэмэхийг эсэргүүцэж байжээ.

Гэвч хоёр улсын хууль тогтоох байгууллага эцсийн шийдвэр гаргаснаар шинэ нэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Мөн НҮБ-д хандаж, шинэ нэрээ бүртгүүлэх хэрэгтэй болж байна.

Нэрний асуудлаас үүссэн маргаан Македон улсыг олон улсын байгууллагуудад элсэж, хөгжиж дэвшихэд нь 27 жилийн турш саад болсоор ирсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian