Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг түр сэргээх тохиролцоонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын түүхэнд тус улсын холбооны засаг захиргааны үйл ажиллагаа хамгийн урт хугацаагаар зогсоод байгаа билээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын төсөвт Мексикийн хил дагуу байгуулах хана хэрэмний санхүүжилтыг багтаахыг шаардаж, харин конгресс уг санхүүжилтыг үндсэн төсвөөс тусад нь хэлэлцэнэ гэж санал зөрөлдсөн юм.

Үр дүнд нь арванхоёрдугаар сарын 22-ноос холбооны засгийн газар төсөвгүй болж, үйл ажиллагаа нь зогсоод 35 дахь өдөртэйгээ золгож байна.

Өчигдөр буюу Баасан гарагт Дональд Трамп Цагаан ордонд хэлсэн үгэндээ засгийн газрын үйл ажиллагааг түр сэргээх тохиролцоонд хүрснээ зарлажээ. Тохиролцоо ёсоор гурван долоо хоног буюу хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх засгийн газрын харьяа байгууллагуудын үйл ажиллагааны төсвийг баталж, албан хаагчдын цалин хөлсийг нөхөж олгоно.

Энэ хугацаанд хил дээр байгуулах хана хэрэмний санхүүжилтын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилт тавьжээ. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол 15-наас эхлэн холбооны засгийн газрын үйл ажиллагаа дахин зогсох юм.

Трампын шаардаж байгаа мөнгөний хэмжээ $5.7 тэрбум.

Өчигдөр тэр хэлэхдээ “Бидэнд хилийн дагуу бетонон хана, эсвэл төмөр хашаа босгохоос өөр сонголт байхгүй. Хэрвээ Конгресс надтай тохиролцож чадахгүй бол хоёрдугаар сарын 15-наас холбооны засаг захиргааны үйл ажиллагаа дахин зогсоно. Эсвэл би АНУ-ын үндсэн хуулийн хүрээнд олгосон эрхийнхээ дагуу онц байдал зарлахаас өөр аргагүй болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч үндэсний хэмжээний онц байдал зарлавал Конгрессын шийдвэрийг сонсолгүйгээр хил хамгаалалтын хөрөнгө мөнгийг шийдэх боломжтой юм.

“Бүх хүмүүсийн мэдэж байгаачлан надад онцгой тохиолдолд ашиглах эрх мэдэл бий. Гэхдээ би үүнийгээ энэ удаад хэрэглэхийг хүсэхгүй байна” гэж Трамп хэлсэн байна.

Тэр өмнө нь богино хугацааны төсөв батлах шийдлийг огт хүлээж авахгүй эсэргүүцэж байсан юм. Гэвч Америкийн олон нийт холбооны засгийн газрын үйл ажиллагаа урт хугацаагаар гацсан явдалд Трампыг буруутгах болсон нь саяхны санал асуулгаас харагдсан тул ерөнхийлөгчийг буулт хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Business Insider