Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь цохисон асуудал байгаа. Үүнийг нуухгүй"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/327005721249218/

Бригадын генерал Б.Амгаланбаатар "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас би энд ямар нэгэн хүний нэрийг хэлэх, процессыг тайлбарлах боломжгүй. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны 14:30-16:00 цагийн хооронд болсон.

Хэрэг явдал яагаад гарсан бэ гэхээр тухайн салбар тэр өдөр харуулаас буусан байгаа юм. Харуулаас буусны дараа салбарын байранд үзлэг хийхэд эмх замбараагүй байдалтай байж, гар утас олдсон байна. Ингээд салбарын ахлагч цэргүүдийг авч гараад гүйлгэсэн. Энэ үед талийгаач "дотор муухай оргиод байна. Гүйж чадахгүй нь" гэж хэлсэн. Тиймээс цэргүүдийн гүйлтийг зогсоож, байрандаа оруулсан байна. Энэ үеэр талийгаач байлдагчийн бие дахин муудсан байна. Ингээд алба хаагчид гар хөлөнд нь массаж хийсэн байна. Ингээд дараагийн цагийн хичээлд орж байхад талийгаач таталт өгч, ангийн эмчийг дуудсан байна. Сувилагч талийгаачийг таталт өгсөн талаар эмчид хэлж, багийн эмнэлэгт хүргэхээр болсон. Ингээд багийн эмнэлэгт очиход нас барсан байна.

Өнгөрсөн хоёр өдөр ажлын хэсэг тухайн ангид ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьж байсан байна. Хоёрдугаарт, сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулсан байна. Гуравдугаарт, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайд болон бусад албаныханд танилцуулна. Тухайн ангийн шат шатны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг Батлан хамгаалахын сайдтай ярьсан.

Хэргийн газар дээр цагдаагийн болон бусад албаныхан ажиллаж байна.

Ийм сайхан залуу амь насаа алдсан хэрэг гарсанд туйлийн харамсаж байна. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

"Цэргийн ангид өдөр бүр гүйлгээд, дэглээд байдаг зүйл байхгүй"

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зодож дарамталдаг байсан гэх мэдээлэл байгаа. Зүгээр гүйж байгаад амиа алдах нөхцөл үүссэн гэж үзэж байна уу. Өрөөндөө орж ирэхдээ амиа алдсан гэсэн мэдээлэл бас бий?

-Зодсон тухайд ил биеийн үзлэгт ил шарх сорвигүй гэж дүгнэсэн. Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь баашиллаа гээд цохисон асуудал байгаа. Үүнийг нуухгүй. Хамт гүйж байсан цэргүүд нь ч хэлж байгаа. Харин эмнэлэгт хэвтэж байсан асуудал нь үлд гарсны улмаас эмнэлэгт эмчлүүлсэн.

Харин тэр цохилт нь үхэлд хүргэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.

- Ангийн удирдлага хэрэг гарах үед байсан уу?

- Ангийн удирдлагууд тухайн үед байсан. Харин ангийн захирагч нь ар гэрийн шалтгаанаар хотод ирсэн байсан.

- Бичлэг байгаа гэсэн. Ямар бичлэг вэ?

-Бичлэг бий. Миний хувьд бичлэгийг үзээгүй. Гэхдээ байлдагч ангидаа орж ирээд хувцсаа өлгөж чадахгүй, өлгүүртээ хүрч чадахгүй байхад нь ахлагч нь түшиж орон дээр суулгасан нь бичлэгт үлдсэн тухай мэдээлэл байна. Бичлэгийг цагдаагийн байгууллага авсан.

-  Ангийн захирагч Өлзийбаяр яргалдаг, байлдагч нараа дэглэдэг тухай яриа байдаг?

- Өлзийбаяр өөр ангид алба хашиж байгаад томилогдсон. Цэргүүдийг яргалдаг, дэглэдэг зүйл байхгүй. Нийгмийн сүлжээнд байгаа бухимдлыг бид харж байгаа. Гэхдээ цэргийн ангид өдөр бүр гүйлгээд дэглээд байдаг зүйл байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.

- Өмнө нь энэ ангид алба хааж байсан цэргийн алба хаагч хөлийн хуруугаа тайруулж байсан?

- 2017 онд ийм хэрэг гарсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг бүгдийг нь сольж, хуулийн хариуцлага тооцсон.

- Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

- Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Оршуулгын комисс томилогдсон. Одоо гэрт нь хамт байгаа.