Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэх тухай УИХ-ын даргын захирамж гарсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсан. Сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа. УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулиар Даваа гарагт бүлгүүд хуралддаг. Мягмар, Лхагва гарагуудад байнгын хороод, Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хуралддаг. Даваа гарагт чуулган хуралдахыг хориглосон. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг нэн яаралтай УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Мягмар гарагт 10:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Түүний дараа үргэлжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийднэ

Сая УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэх тухай УИХ-ын даргын захирамж гарсан” гэлээ. 

Мөн “УИХ-ын чуулганы хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн үү, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Даргын зөвлөл дээр чуулганы хугацаа сунгах асуудал яригдаагүй. Ээлжит бус чуулган хуралдах журамтай. Тийм зүйл ч яригдаагүй” гэсэн хариулт өгөв.