Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын дөрвөн хоногтой болсноор хүйсийн ялгаатай байдал багасах нэг хүчин зүйл болно

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Cathal McNaughton

Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй улс орнуудад ажлын таван өдрийг дөрөв болговол ажилчдын бүтээмж, байгууллага, компанийн өсөлт зэрэг үзүүлэлтүүд нэмэгдэх магадлалтай талаар ихэд яригдаж байгаа билээ.

Тэгвэл үүнийг дэлхийн нэгэн томоохон байгууллага туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.

Тодруулбал, олон улсын эрүүд мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, Их Британид төвтэй “Wellcome” байгууллага ажлын дөрвөн өдрийг туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.

"Welcome" нь 1936 онд байгуулагдсан бөгөөд нийт 800 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. Ийнхүү дөрвөн өдрөөр ажиллаж эхэлсэн ч ажилчдын цалинд ердийнхөөс ямар нэгэн өөрчлөлт гарахгүй нь ихэд олзуурхууштай аж.

Компанийн бодлого төлөвлөлтийн албаны дарга Эд Вайтинг "Бид энэхүү шийдвэрийг маш удаан хугацааны туршид судалсны үндсэн дээр гаргасан. Ингэснээр манай байгууллагын нийт ажилчдын бүтээмжтэй байдал болон компанийн үр ашиг, өсөлт зэрэгт аль алинд нь харилцан ашигтай, эергээр нөлөөлөх болно. Бид тус шийдвэрийг албан ёсоор батлахын өмнө хэдэн сар туршилтаар хэрэгжүүлэх юм” хэмээжээ.

Дөрвөн өдөр ажиллаж эхэлснээр мөн хүйсийн ялгаатай байдал багасах боломжтой гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаатай байдал, тэр дундаа цалин хөлсний ялгаатай байдал эмэгтэй хүмүүс хүүхэд гаргасан цагаас хойш илүү нэмэгдэж, ажиглагддаг гэсэн судалгаа байдаг. 

Учир нь шинэ гишүүнээ өлгийдөн авсан цагаас хойш гэр бүлийн орлогын эх үүсвэрт их, бага хэмжээгээр өөрчлөлт ордог. Энэ байдал эрэгтэйчүүдийн хувьд богино хугацаанд засарч, хэвийн байдалд ордог бол эмэгтэйчүүдийн хувьд эсэргээрээ байдаг ажээ. Тодруулбал, эмэгтэйчүүд улам бага орлоготой болохоос гадна цаашид өмнөхөөсөө илүү доод түвшний ажил эрхлэх нь түгээмэл байдаг байна.

Харин хүүхэд 12 нас хүрэх үед эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа 33 хувь болдог аж

 
Эхний хүүхэд төрсөн болон төрсний дараах хүйсийн ялгаатай байдал

Үүний нэг гол шалтгаан нь эмэгтэйчүүд хүүхэдтэй болсон цагаасаа хойш гэр бүл, үр хүүхдэдээ илүү анхаарал хандуулахын тулд эрэгтэйчүүдийг бодвол илүү бага цагаар ажилладаг нь нөлөөлдөг гэсэн үр дүн судалгаагаар гарчээ. 

Тийм ч учраас ажлын дөрвөн хоногтой болсноор бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд гэр бүл, хүүхдүүддээ илүү их цаг заваа зарцуулах боломжтой болж, эрэгтэйчүүдтэй адил түвшний цалин авч эхэлснээр хүйсийн ялгаатай байдал багасах магадлалтай талаар Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаанд дурджээ.

 

 

Эх сурвалж: World Economic Forum