Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Мейзу “ганц ч нүх сүвгүй” гар утас танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мейзу (Meizu) бол дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгддэг ухаалаг гар утасны үйлдвэрлэгч. Бас Хятадын зах зээлд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм.

Тэгвэл тус компани өнгөрсөн Лхагва гарагт "Meizu Zero" нэртэй гар утас танилцуулсан нь жинхэнэ утгаараа “ямар ч нүх сүвгүй” бүтээгдэхүүн болжээ.

Өөрөөр хэлбэл ямар ч порт, залгуур, товч байхгүй цул эх биетэй юм байна. Ийм зоригтой дизайны шийдэлтэй гар утас өнөөдрийг хүртэл зах зээлд гараагүй байгаа билээ.

Ингээд “Meizu Zero” гар утасны онцлогуудтай танилцъя.

  • Шинэ гар утас чанга яригчийн нүхгүй. Оронд нь өөрийн “mSound 2.0” технологийг ашиглан дэлгэцний чичиргээгээр дуу гаргадаг байна.
  • Нүүр нь бүхэлдээ 5.99 инчийн OLED дэлгэцээр бүрхэгдсэн. Хурууны хээ уншигч, нүүрний камер нь дэлгэцний дотор талд байрлажээ.
  • Уг гар утсыг зөвхөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг. Meizu Zero өөрөө “super fast” буюу утас, кабельгүйгээр өндөр хурдтай цэнэглэх технологийг дэмждэг юм байна.
  • Ус, тоосноос хамгаалах IP68 түвшний хамгаалалттай тул 2 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаатай байх чадвартай.
  • Физик СИМ карт хийх оролтгүй. eSIM буюу утсандаа үйлдвэрээс суусан програмчлагддаг СИМ карттай. Тиймээс эхэн үедээ Хятадын зарим операторууд Meizu Zero утсыг дэмжихгүй байх магадлалтай.
  • Энэ гар утсанд ганц ч товч байхгүй. Хажуу ирмэгтээ haptic буюу хүрэлт мэдрэгч виртуал товчнуудтай. Тиймээс утсаа унтраах, асаах, дуу чангалах, суллахад хуруунд үл ялиг чичиргээ мэдрэгдэнэ.
  • 2018 оны ихэнх Андроид утаснуудад ашигласан Snapdragon 845 процессортой. Bluetooth 5.0 технологийг бас ашиглажээ.

Мейзу шинэ гар утасныхаа үнэ, зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зэргийг зарлаагүй байна. Ирэх сарын 25-28-нд Барселонд болох Mobile World Congress чуулганы үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх гэсэн хүлээлттэй байна.

"Meizu Zero" бүтээгдэхүүний танилцуулга видео:

Эх сурвалж: Tech Insider