Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Тяньжин хотуудын хоорондын харилцаа улам бүр өргөжиж байна"

www.ulaanbaatar.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Талууд хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, худалдаа үйлчилгээ, тээврийн салбарт хамтран ажиллах нөхцөл боломжуудын талаар санал солилцсон байна.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Тяньжин хотын Намын дарга Ли Хунжун Монгол Улсад албан айлчлал хийж Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд "10 бодит ажил” санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Тяньжин хотын төлөөлөгчдийг миний бие гурав дахь удаагаа хүлээн авч уулзаж байна. Улаанбаатар, Тяньжин хотуудын харилцаа холбоо өдрөөс өдөрт гүнзгийрэн хөгжиж өөр шатанд ахиж байгаа. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бататгахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

БНХАУ-ын Тяньжин хотод Улаанбаатар хотын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдсан нь саяхан санагдаж байна. Тяньжин портод байрлах тус төлөөлөгчийн газар нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Улаанбаатар хот далайд гарцгүй орон гэдгээрээ онцлогтой, БНХАУ нь Монгол Улсын мөнхийн хөршийн хувьд БНХАУ-ын газар нутгаар дамжин тээвэр, худалдаа хийх боломж олдож, цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн уулзалтын үеэр ярьж байв.

 

Тяньжин хотын Олон улсын худалдаа, далайн тээврийн үйлчилгээний төвийн Дарга Цао Жүнь "Энэхүү уулзалтад Тяньжин хотын Гадаад харилцааны газар, Тяньжин Порт Групп болон бизнесийн аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн баг бүрэлдэхүүн оролцож байна.

Ли Хунжун намын дарга Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тогтсон “10 бодит ажил"-ын нэг болох Тяньжин портоор үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, далайн аялалд иргэдийг хамруулахад чиглэсэн нэг цэгийн үйлчилгээний байгууллага байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго оршиж байна.

Тяньжин Порт нь олон улсад өргөн цар хүрээнд ажилладаг бөгөөд их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дамжин нэвтрүүлдэг. Өдгөө 180 гаруй улс орны 50 гаруй портуудтай худалдааны харилцаа тогтоосон. Ачаа нэвтрүүлэх чадвараараа дэлхийд долдугаарт, жин хэмжээгээрээ аравт тус тус жагсдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Тяньжин Портын үйл ажиллагаатай танилцаж тодорхой чиг үүрэг өгсөн.

Дэд бүтэц болон үйлчилгээний чадамжаа сайжруулах нь манай портын үндсэн зорилго юм. Улаанбаатар, Тяньжин хотуудын харилцаа өргөжиж, нийгэм, соёл, худалдаа, эдийн засаг болон ард иргэд хоорондын харилцаа хөгжиж байна.

Улаанбаатар хотод Тяньжин хотын Төлөөлөгчийн газар байгуулснаар хоёр хотын найрамдалт харилцаа улам гүнзгийрч, түүнчлэн Тяньжин портоор дамжин олон улсын худалдаа эрхэлдэг Монголын аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм болж, далайн хөлөг онгоцны аяллыг ард иргэдэд сурталчлан таниулж чадна гэж итгэж байна” хэмээн ярилцсан талааар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.