Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Сорос Хятадын төрийн тэргүүнийг “чөлөөт ертөнцийн хамгийн том дайсан” гэж нэрлэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Жорж Сорос

Швейцарийн Давос хотод Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцож байгаа нэрт санхүүч, тэрбумтан Жорж Сорос Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг “чөлөөт ертөнцийн хамгийн аюултай дайсан” гэж нэрлэжээ.

Тэрээр өчигдөр болсон оройн зоогны үеэр хэлэхдээ “Хятад бол зөвхөн авторитар дэглэмтэй улс төдийгүй дэлхийн хамгийн баян, хүчирхэг, технологийн өндөр хөгжилтэй орон болоод байна. Энэ давуу тал нь Ши Жиньпинийг чөлөөт ертөнцийн хамгийн аюултай дайсан болгож байна” гэсэн байна.

Сорос цааш нь хэлэхдээ “Хиймэл оюун ухаанд суурилсан иргэдээ хянаж, цагдах технологийг хөгжүүлснээр дарангуйлагч дэглэмд маш том давуу тал бий болж байна. Нийгмийн онооны системийг нэвтрүүлбэл Ши ард түмнээ бүрэн хянадаг болно” гэж тайлбарлажээ.

“Нэгэнт Ши Жиньпинд ийм их хүч бий болж байгаа тул Күнзийн уламжлалыг хадгалж үлдэх хүсэл эрмэлзлэлтэй Хятадын ард түмэн, тэр дотроо бизнес, улс төрийн элитүүдэд найдахаас өөр зам бидэнд үлдэхгүй болоод байна” гэж тэр хэлсэн байна. Сорос ингэж хэлэхдээ үхэл, ял шийтгэлээс айлгүй эзэн хааныхаа өмнө үнэнийг хэлдэг Хятад түшмэдүүдийн эртний домог түүхээс жишээ болгожээ.

Тэр цааш нь ярихдаа “Өнгөрсөн онд би Хятад улс дэлхий нийтийн дэг журамд чухал үүрэгтэй оролцоно гэдэгт итгэсэн хэвээр байсан. Гэвч Ши Жиньпиний зан байдал миний бодлыг өөрчилсөн юм” гэж оройн зоогт оролцогчдод хэлсэн байна.

Хятадын технологийг дэлхий дахинд түгээх нь чөлөөт нийгэмд аюултай тул ZTE, Huawei зэрэг компаниудаас улс орнууд 5G технологийг худалдаж авахгүй байхыг Сорос зөвлөжээ.

Тэр бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай харилцах бодлогыг шүүмжилсэн байна. Бээжинтэй худалдааны хэлэлцээр хийж, зөвшилцөж байгаа мөртлөө уламжлалт холбоотнуудтайгаа худалдааны дайн хийж байгаа нь Трампын бодлогын алдаа гэж Сорос тайлбарлажээ.

Одоо 88 настай Жорж Сорос ардчилсан тогтолцооны томоохон дэмжигч, ивээн тэтгэгч гэдгээрээ алдартай бөгөөд сүүлийн үед дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа барууны үзэлтнүүдийн дайсан болоод байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сард түүний Нью Йоркийн ойролцоох гэрийн гаднаас тэсрэх бодис илэрч байв.

 

Эх сурвалж: Reuters