Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ундармаа: Малчны эрдэмтэй малчин цөөрсөөр байна

ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN

Модун Шанью: Төр улсын үндэс суурь нь бэлчээр   

Магадгүй, энэ үгийг хэлэхдээ Хүннүгийн их хаан, хожмын өдөр Монголын бэлчээрийн доройтол хүүхнүүдийн арьс, эрчүүдийн гүзээ, хүүхдүүдийн харшилд нөлөөлөөд зогсохгүй, нүүдэлчин Монголыг үгүй болгож, бусадтай л адил таримал ургамал царайчилж, таван хошуу малаа хашаанд хорьсон ард түмэн болж үлдэнэ гэдгийг таамагласан буй за. Олон хүний боддогчлон бэлчээр бол зөвхөн малчин, мал хоёрт хамаатай зүйл биш. Хүний биеийн бүтэц, генийн өөрчлөлтөд ч энэ бас хамаатай.

Чухам яагаад вэ? Энэ асуултанд хариулт авахаар Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Экосистемийн судалгааны төвийн захирал, доктор Ж.Ундармаатай ярилцлаа.

"НҮЦГЭН УУЛ ХАРААД ХЭН Ч БАЯСАХГҮЙ"

 

- Манай газар нутгийг бүхэлд нь бэлчээр гэж ойлгож болох уу, Ер нь бэлчээр гэж яг юу вэ?
 
- Газрын сангийн мэдээллээр Монгол Улсын нийт газар нутгийн 71 хувь нь албан ёсоор бэлчээр гэдэг ангилалд хамаардаг. Бэлчээр бол манай орны хувьд мал аж ахуйн үндэс тулгуур юм. Гэвч зөвхөн малчин, мал хоёрт хамаатай гэж хэлж болохгүй. Бэлчээр дээр бид амьдарч, зорчиж байна. Эргэн тойрноо хар даа. Хүмүүс бид бэлчээрээс эрүүл агаар, гоо зүйн таашаал авдаг. Хэн ч ургамалгүй нүцгэн уул хараад баясахгүй шүү дээ. Харин ч өрөвдөнө, элэг эмтэрнэ. Эрүүл агаар, эрүүл усны эх үүсвэр нь мөн л бэлчээр. Бэлчээр ургамалтай байж устай ундтай байх болно. Дээр нь бэлчээр бол ганцхан малынх бус, бүх өвсөн тэжээлтний амьдрах орчин. Бүх туурайтан амьтны сүрэглэн амьдрах нутаг. Энэ талаас нь хар даа. Өвсөн тэжээлтнээр хооллодог махчин амьтдын оршихуйн үндэс, жигүүртний өлгий нь бас л бэлчээр.

- Тэгэхээр хүнд ч бас хамаатай юм байж. Гэтэл хүмүүс бид малын бэлчиж болох газар л байвал бэлчээр гэдэг утгаар нь харахаас бусдыг  анхаардаггүй?

- Тэгэлгүй яахав. Бэлчээр доройтож, ”чанар” нь муудан, тэнд ургадаг ургамлын зүйл цөөрч, өөрчлөгдөхөд хүн, малд эм болох ургамал хүртэл цөөрч, цаашлаад ургамалгүй болж нүцгэрэхэд эрүүл агаарын эх үүсвэр буурч хүний эрүүл мэнд хямардаг. Цөлжсөн газрын цаг агаар өөрчлөгдөж, хуурайшна. Нүүрстөрөгчийн хийн ялгарал мэдэгдэхүйц ихэснэ. Ингэснээр тэнд амьдарч буй хүмүүсийн арьсны бүтцэд өөрчлөлт орно. Нар салхины харшил гэхчилэн анагаах ухааны талаас нь тайлбарлаж болох олон дагавар өвчин үүснэ. Дээр нь хөрс нь элэгдэнэ, доройтсон бэлчээрт бэлчсэн малын мах, сүү, сүүн бүтэгдэхүүнээр дамжин хүнд бас сөрөг нөлөө нь илэрнэ.

"БЭЛЧЭЭР ХҮН ТӨРӨЛХТНИЙ ГЕНИЙГ УДИРДДАГ"

- Бэлчээр бол бидний нөгөө их яриад байдаг арьс, үсний гоо сайхан, дээр нь хоолны ширээндээрээ өглөө бүр эрүүл хүнс тавьж чадах уу, үгүй юу гэдгийг шийддэг, хүн төрөлхтний ирээдүйн салшгүй хэсэг юм байна?

- Хэрэв бэлчээр дахин сэргэхгүйгээр доройтвол үүнээс ч хүнд байдал монголчуудыг тосно гэдгийг нэмж хэлмээр байна. Мал бэлчих, хангалттай шим тэжээл авах бэлчээргүй болчихвол бид газраа хашиж дээр нь таримал ургамал тарина. Түүгээрээ малаа тэжээнэ. Таримал ургамлаасаа арвин ургац авахын тулд янз бүрийн химийн гаралтай бордоо, элдэв өвчин хортноос сэргийлэхийн тулд бас л химийн болон бусад төрлийн бодис хэрэглэнэ. Тэр цагт нөгөө монгол малын эрүүл мах байхгүй болж, стресстэй мах, сүү хоолны ширээг маань дүүргэж, генийг маань удирдах болно.

- Стресстэй мах, сүү гэдгийг уншигчдад ойлгомжтой тайлбарлавал ямар вэ?

- Хашаа юмуу, байранд хорьж, ашиг шимийн гарцыг нь ихэсгэж, тухайлбал, жилдээ нэг үнээнээс 5,000 орчим летр сүү, нэг үхрээс 650 кг мах авахын тулд элдвийн гормонтой тэжээлээр бордсон ямар ч мал маш их стресстэй болсон байдаг. Тэр стресстэй мах, сүүг идэж ууж төрсөн, өссөн хүүхдүүд төрөлхийн стресстэй, гаж гэмээр биеийн хөгжилтэй болсоор байгааг эрдэмтэд тогтоосон шүү дээ. Хүн төрөлхтний удмын санд нөлөөлж байна гэсэн үг. Тиймээс фермерийн аж ахуйд тэгтлээ их дурлаад байж болохгүй гэдгийг эрдэмтдийн судалгаа харуулах боллоо. Дэлхий нийтээрээ үүнээс татгалзах эрмэлзэл бий болж байна. Гэтэл нүүдлийн мал аж ахуйг шүтэж ирсэн монголчууд бид бэлчээрийн асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас болж, хүссэн хүсээгүй тийшээ алхаж байна.

"ХҮЧТЭЙ ДОРОЙТОЛД ОРСОН БЭЛЧЭЭР 15 ЖИЛ БОЛООД Ч СЭРГЭСЭНГҮЙ"

- Монголын бэлчээр нутгийн онцлог юу юм бэ?

- Монголын бэлчээр жилийн турш мал бэлчээж болох өвөрмөц ургамалтайгаараа онцлог. Түүний дээр Унгар буюу Мажараас Манжуур хүртэлх нутгийг эзэлдэг Евро-Азийн амьтдын өлгий болсон хээрийн бүс манай бэлчээрийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хээр нутаг гэсэн үг. Аскани нова зэрэг дархан цаазат газрыг эс тооцвол бусад хээрийн ихэнх хэсэг нь газар тариаланд ашиглагдсан. Тэр тусмаа Монголын хээр шиг унаган төрхөөрөө үлдсэн бүс байхгүй тул Монголын хээр, экосистем, ургамалжилтын талаасаа авч үзвэл гайхамшигтай, хосгүй. Үүнийгээ бид үнэлж мэддэггүй. Монголын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр гэдэг уг нь нөхөн сэргэдэг баялаг. Бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүнгээс үзэхэд  бэлчээр нутгийн 22.6 хувь нь доройтолд орсон байна. Гэхдээ хүчтэй доройтсон нь үүний 14 хувь, дунд зэрэг доройтсон бэлчээр 50 гаруй хувь, бага зэрэг доройтсон нь 36.6 хувь байгаа юм.

- Муу мэдээ байна. Тэгэхээр цаашдаа яана гэсэн үг вэ?

- Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааг таван жил тутамд хийдэг. 2000 оноос хойш хоёр л удаа хийсэн. Гарсан дүн, төлөв байдлыг нь сая хэллээ. Хүчтэй доройтолд орсон бэлчээрийг 15 жил хүн малын хөлөөс чөлөөлсөн ч байгалийнхаа аясаар сэргэхгүй нь туршилтаар батлагдлаа. Үүнийг ХААИС, Токиогийн их сургуультай хамтран судалсан. Харин бага зэрэг доройтсон бэлчээр бол сэргэдэг. Тэгэхээр бид дунд зэрэг муудсан бэлчээрээ бүр хүчтэй доройтуулаад алдчихгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, төрөөс тодорхой бодлогоор удирдаж, түүнийгээ хэрэгжүүлэх, хэрэгжилтэд байнгын хяналт тавих нь зүйтэй байна.

"МАЛЧНЫ ЭРДЭМТЭЙ МАЛЧИН ЦӨӨРСӨӨР Л БАЙНА"

- Ер нь Монголын төр энэ салбараа хэр анхаардаг юм бэ?

- Бага даа. Хадлан бэлчээрийн аграномичийн мэргэжлээр хамгийн сүүлд 1991 онд л мэргэжилтэн  төгсгөсөн. Удахгүй тэд маань тэтгэвэрт гарах нь. Түүнээс хойш ХААИС цөөн хүн бэлтгэсэн. Судлаачид бид л төсөл бичиж, гаднаас чадлаараа юм олж, судалгаа хийж байгаа ба цаашид онцгой шаардлагатай судалгаа туршилтыг төр захиалж, санхүүжүүлбэл судалгааны үр дүн болон хэрэгжилтэнд илүү дэмтэй болно гэж бодож байна. Бэлчээрийн талаар төрөөс баримталж буй тусгайлсан бодлогогүй тул баталж буй бодлогын баримт бичигт  хасагдаж, танагдсан цөөн өгүүлбэр төдий л ордог.

- Бэлчээрийнхээ нэг хэсгийг хашиж ногоо тариад, дараа жил нь малаа оруулж идээшлүүлдэг туршлага гадныханд байдаг уу?

- Африкт Англичууд энэ туршлагыг нутагшуулж чадаагүй. Ийм гашуун туршлага бэлээхэн байна. Монголын байгаль, уур амьсгалын нөхцөл байдалд зохицохгүй л дээ. Эрс тэс уур амьсгалтай, хуурайшилт ихтэй манай орны нөхцөлд тохиромжгүй арга  гэдэг нь Африкийн жишээнээс  харагдаж байна.

- Манай бэлчээр нутаг юунаас болж доройтож байна гэж та үздэг вэ?

- Сүүлийн жилүүдэд малын тоо өсч,төвлөрөл бий болсон газруудад бэлчээрийн даац хэтэрлээ. Бас нэг шалтгаан нь жинхэнэ малчин цөөрчээ. Мал хувьчилснаас шалтгаалаад өвөлжөө, хаваржааны асуудал хүндхэн байна. Хуучны улирлаа дагаад нүүдэг заншил олонх тохиолдолд алдагдаж байна. Хаваржаанаасаа нүүнгүүт нь өөр айл малтайгаа ирээд буучихдаг. Үүнээс нь айгаад малчид намаржаа, өвөлжөө, зуслангаа сэлгэж нүүлээ гэхэд тэрүүхэндээ нутгаа сахин эргэлддэг боллоо. Мөн хөдөө, зах хязгаар нутагт нийгмийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаагаас төв суурин газар, төвлөрсөн замуудыг бараадаж малчид голдуу амьдардаг болсон. Үүнээс болж хүн, мал, машин тэрэгний мөрөөр бэлчээр нутаг эргэж сэргэхгүйгээр доройтож байна.

БИДЭНД 5,000 ЖИЛИЙН НҮҮДЛИЙН ТУРШЛАГА БИЙ

- Үүнээс гадна дэлхий ертөнц өөрөө бас хөгширч байгаа нь нөлөөлөх үү?

- Үгүй гэж бодож байна. Дэлхийг бид л хөгшрүүлж байна. Хүн мал нутагладаггүй, олны хөлөөс хол нутаг ус гэхэд яг лунаган төрхөөрөө байдаг шүү дээ.

- Бэлчээрийн даац хэтэрсэн, урьд байгаагүй олон сая малтай болсон гэсэн шүүмж бас байдаг?

- Гэхдээ бидэнд асар их туршлага бий гэж би харж байгаа. Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн 5000 жилийн түүхэнд улсын малтай байсан хугацаа нь гучхан жил шүү дээ. Бэлчээр ашиглалтын түүхэнд бид бусад 4970 жилд нь хувийн малтай байсан байна. Гол нь зөв зохицуулалт, ухаалаг нүүдэл хэрэгтэй. Сэлэнгэд гэхэд зөвхөн нэг километрийн радиуст 5000 мал байна. Зохицуулалт хэрэгтэй гэдэг нь эндээс харагдана.

"МОНГОЛ ГАРГАЛГАА ХЭРЭГТЭЙ"

- Та дээлний тухай онож хэллээ. Үлдсэн есөн дээлээ олж өмсөхийн тулд яах ёстой вэ? Тэгэхгүй бол хариугүй нүцгэн гүйхдээ тулж байна. 66,2 сая мал бэлчих бэлчээр гэдэг тоглоом биш гэдэг нь харагдлаа шүү дээ?

- Бэлчээр үг хэлдэггүй. Тиймээс бид өөрсдөө бэлчээртээ санаа тавьж, тордож, зохистой ашигламаар байна. Бид өөрсдийхөө дээлийг надад таарах уу, үгүй юу? Багадчихсан юм уу, эсвэл оёдлоороо ханзраад, эвхээсээрээ элэгдээд муудчихсан юм уу. Үүнийгээ мэдэж байж өмсөнө өө дөө. Үүнтэй адил бэлчээр нутгийн маань чанар ямар байна гэдгийг судалж, мэдэж байж эргэлтэнд оруулна, зохицуулалт хийнэ.

- Судалгааны ажил өнөөг хүртэл хэр хийгдсэн бэ?

- Бэлчээрийн судалгаа 1940-1990 онуудад улсын хэмжээнд сайтар хийгдсэн. Харин түүнээс хойш, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт газар авч байгаа өнөө үед зарим нэг бүс нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд л хийгдэж байна. Улсын тулгуур нь бэлчээр юм бол бид энэ талаар бодлоготой, судалгаатай, мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Тэгж байж нэгдсэн бодлоготой болно. Гэтэл Хүнс хөдөө аж ахуйн яам бэлчээр хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй. Улс нэгдсэн бодлогоор базахгүй байгаа учраас төсөл хөтөлбөр л гэхэд жинхэнэ оновчтой, эмзэг газраа онож хэрэгжихгүй байна. Гаднаас орж ирж байгаа төсөл хөтөлбөрүүдийн жинхэнэ захиалагч нь төр өөрөө байя. Үүний тулд хаана ямар дээлтэй байгаагаа эхлээд мэдэж авъя. Бэлчээрээ мэддэг баймаар байна.

- Дэлхийд үлдсэн сүүлчийн хээр, онгон байгалийн оршихуй нь Монголын бэлчээр нутаг юм байна. Үүнд дэлхий нийт хэрхэн ханддаг вэ?

- Монголын хээр, бусад бэлчээрийг гайхаж, хайрлаж ханддаг. Дээр би хэлсэн. Мажараас Манжуур хүртэл үргэлжлэх Евроазийн энэ уудам газарт таримал ургамал тариалалгүй, унаган байгалиараа үлдсэн цорын ганц хээрийн бэлчээр бол Монголынх.

БЭЛЧЭЭРГҮЙ МОНГОЛ ХААШАА НҮҮХ ВЭ?

- Мод тариад л байвал алдаж байгаа бүхнээ нөхнө гэж үздэг хүмүүс улам олширч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- "Нүүрстөрөгчийн хийн шингээлтийг яаж ихэсгэх вэ?" Эрдэмтэд энэ асуудал дээр төвлөрөн ажиллаж байна. Бид ч бас судалсан. Судалгаагаар ой мод, өвслөг ургамал хоёр бараг адилхан гэж хэлж болохуйц байдлаар нүүрстөрөгчийн хийг шингээдэг нь тогтоогдсон. Үндсэндээ маш бага зөрүү харагдаж байгаа юм. Тэгэхээр ургамалан нөмрөг их л байвал нүүрстөрөгчийн шингээлт их байж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт багасах саарах боломжтой юм.

- Бэлчээр бол хүн төрөлхтний эрүүл оршихуйн үндэс юм байна. Эрүүл агаар, эрүүл хоол хүнс, эрүүл удмын сан гээд бүгдэд нөлөөлдөг байх нь. Одоо асуудал болоод байгаа хэт таргалалт, эрүүл бус төрөлт, харшил... бүгд бэлчээрийн доройтолтой шууд холбогддог гэж ойлголоо?

- Монгол Улсын хүн амын 18.5 хувь нь малчин. Мал аж ахуйн салбар жилдээ дөрөв орчим их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ баялаг бэлчээрээс ундаргатай. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт “Нарийн сайхан өвстэй малын сайхан бэлчээртэй” гэж байдаг шүү дээ. Хамгийн уураг өндөртэй, эмийн чанартай ургамал Монголын бэлчээрийн гол баялаг. Энэ баялгаа бид л цаг алдалгүй хамгаалж, сэргээхгүй бол бэлчээргүй болно. Бэлчээргүй Монгол яах вэ? Нүүгээд явах очих газар байна уу?

- Нээрэн хаачих вэ?

- Бидэнд очих газар байхгүй. Гэхдээ Монгол маань Монгол биш болж, таримал ургамлаар бусад орны адил малаа бордож суух болно. Таримал ургамлаа химийн бордоогоор ургуулахаас аргагүйд хүрнэ. Чиний асуугаад байгаа өвчлөл, генийн өөрчлөлтөд нэрвэгдэнэ. Үүнийг л санаж, төслүүдийг хэрэгтэй газарт нь хэрэгжүүлдэг баймаар байна. Төсөл төдийгүй төр маань ч ухаалаг зохицуулалт хийхийн тулд бэлчээр нутгаа хэвээр авч үлдэх бодлоготой болмоор байна.

 

Р.ЭМҮЖИН