Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ван Цишань: Популист бодлого олон улсын дэг журамд ноцтой эрсдэл дагуулж байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 1 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг 49 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ жил “Аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын үеийн даяарчлал” уриан дор болж байгаа билээ. Форумаар дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллагын 3,000 гаруй өндөр түвшний төлөөлөгч дөрөв хоногийн турш худалдааны дайн, цахим халдлага, цаг уурын өөрчлөлт гэсэн олон улсад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэж байна.

Энэ удаагийн форумд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар оролцоогүй. Харин Германы Канцлер Ангела Меркель, Бразилын Ерөнхийлөгч, барууны популист үзэлтэй Жаир Больсонару нар форумд илтгэл тавих юм. Дэлхийн эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр удирдагчид олон улсын дэг журмыг хамгаалах нь чухал байгааг хөндөн хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн “Худалдааны дайн”-ыг зогсоохыг уриаллаа. 

БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Ван Цишань “Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөдөлгөгч хүч суларч, тогтворгүй хөгжил, орлогын тэгш бус хуваарилалттай холбоотой асуудал улам даамжирсан. Түүнчлэн шинэ технологи, шинэ салбар, бизнесийн шинэ загвараас үүдсэн сорилт нэмэгдсэн. Улс орнууд бодлогоо тодорхойлохдоо дотоод хүчин зүйлстээ анхаарах нь нэмэгдэж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад учрах саад нэмэгдлээ. Түүнчлэн нэг талыг барьсан, протекционист, популист бодлого олон улсад газар авч байна. Энэ бүгд олон улсын дэг журамд ноцтой эрсдэл дагуулж байна” гэжээ.

Үүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Германы Канцлер Ангела Меркель нар чөлөөт худалдааг дэмжиж байгаагаа бататган, олон талт хамтын ажиллагаанд нэгдэхийг олон улсад уриаллаа. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Бидэнд үндэсний эрх ашиг гэж бий. Бусад орнууд ч гэсэн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байх хэрэгтэй. Эдгээрийг хооронд нь уялдуулан бид олон улсын улс төрд харилцан ашигтай нөхцөл байдал бий болгох боломжтой. Европын холбоо чөлөөт худалдааг дэмжиж ирсэн. Хоёрдугаар сарын 1-нд Европын холбоо, Японы чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна. Түүнчлэн АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж, Канадтай хэлэлцээгээ эцэслэх нөхцөл бүрдсэн. Бусад орон ч гэсэн энэ жишгийг дагана гэж бодож байна” хэмээсэн байна.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Япон Улс чөлөөт, нээлттэй байдалд суурилсан олон улсын дэг журмыг дэмжсэн хэвээр байх болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас Транс-Номхон далайн худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн гэдгийг хэлж байгаадаа таатай байна. Түүнчлэн хоёрдугаар сард Европын холбоо, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хэлэлцээр олон улсад үр өгөөжөө өгөх болно. Би та бүхэнд олон улсын худалдааны системд дахин итгэл хүлээлгэхийг уриалмаар байна. Энэ систем олон улсын оюуны өмч, цахим худалдаа, Засгийн газрын үйл ажиллагааг хамгаалсан шударга, ил тод систем байх болно” гэж мэдэгдлээ.

Давосын чуулганы гурав дахь өдөр Цахим орчин дахь хамтын ажиллагаа, дэлхийн худалдаанд оруулах БНХАУ-ын үүрэг зэрэг сэдвээр үргэлжилнэ. Үүнээс гадна шүүмжлэгчид энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумыг уриагаа буруу сонгосон хэмээгээд гол анхаарлаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах ёстой байсан гэдгийг онцолж байна.

Тодруулбал, “Грийнпис” экологийн байгууллагын тэргүүн Женнифер Морган уриаг буруу сонгосон, цаг уурын өөрчлөлтийн асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой байсан хэмээн үзэж байна. Тэрбээр, “Жил бүр Давосын форум тодорхой нэг сэдэвт анхаарал хандуулдаг. Энэ жил гол сэдэв нь цаг уурын өөрчлөлт байх ёстой байсан юм, энэ удаа форумаар яригдах асуудал дэлхийн цаг уурын өөрчлөлттэй огт нийцэхгүй байна, цаг уурын өөрчлөлтийг ойлгохгүйгээр даяарчлал, аж үйлдвэрлэлийн хувьсгалын талаар ярих нь утгагүй” хэмээн мэдэгджээ.

Зураг