Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон Аргентины хөлбөмбөгчнийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Английн Премьер лигийн Кардифф Сити багтай дөнгөж гэрээ байгуулаад байсан Аргентины хөлбөмбөгчин Эмилиано Сала хувийн нисэх онгоцтой зорчиж яваад сураггүй болоод байгаа билээ.

Сала болон нисгэгч Дэвид Ибботсон нарын зорчиж явсан Piper PA-46 Malibu нисэх онгоц өнгөрсөн Даваа гарагт Францаас Уэльсийн нийслэл Кардифф хот руу нисэж явахдаа радарын дэлгэцнээс алга болсон юм.

Британий харьяа Гернси арлын цагдаагийн газар гурав хоног эрэн сурвалжилсны эцэст ямар ч улс мөр олоогүй тул ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Франц, Британийг заагладаг хоолойд оршдог Гернси арлын орчим нисэх онгоц алга болсон юм. 

Цагдаагийн газрын дарга 4,000 гаруй километр квадрат талбайд хайлт хийгээд ямар ч үр дүн гараагүй тул эрлийн ажиллагааг зогсоох хэцүү шийдвэр гаргаж байгаагаа мэдэгджээ. Сала болон онгоцны нисгэгч амьд үлдсэн байх магадлал маш бага болсныг бас хэлсэн байна.

Аргентины 28 настай тоглогч Эмилиано Сала Францын Нантес багт тоглож байгаад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Кардифф Сити клубт тоглох $20 саяын гэрээ байгуулсан юм.

Тэрээр хуучин багийнхантайгаа салах ёс гүйцэтгэхээр Францад ирээд буцаж явсан байна. Мягмар гарагт Сала шинэ багийнхантайгаа анхны бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнц Салаг эсэн мэнд олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсээр байна.

 

Эх сурвалж: Russia Today