Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын хайлтын системийг Хятадад хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Майкрософт компанийн Bing хайлтын систем нь Хятадад хэрэглэж болдог гадаадын томоохон интернэт хайлтын үйлчилгээнүүдийн сүүлчийнх нь байсан юм.

Тэгвэл Лхагва гарагт буюу өчигдөр тус систем рүү Хятадаас хандах боломж хаагдсаныг Майкрософт мэдээлжээ. 2017 оны арваннэгдүгээр сард тус компанийн Skype үйлчилгээний аппликэшнийг Хятадын iOS, Android дэлгүүрүүдээс хасаж байсан юм. Ийнхүү Майкрософт жил гаруй хугацааны дотор Хятадын зах зээлд хоёр хүнд цохилт амслаа.

Одоо Bing системийн хятад хуудас cn.bing.com руу Хятадаас хандахад алдааны мэдэгдэл гарч байгаа ажээ. Мөн тус улсын харилцаа холбооны China Unicom компани засгийн газраасаа Bing системийн хандалтыг хаах тушаал авсныг Financial Times сэтгүүлд өчигдөр мэдээлсэн байна.

Майкрософт Bing хайлтын системийнхээ хятад хувилбарт Бээжингийн эрх баригчдын бодлогын дагуу хатуу хяналт, шүүлтүүр тавьдаг байсан нь ч тус болоогүй байна.

Зах зээлийн өөр нэг том тоглогч болох Google хайлтын систем 2010 оноос хойш Хятадад хаалттай байгаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өнгөрсөн сард АНУ-ын конгрессийн сонсголд оролцохдоо Хятадын зах зээлд хайлтын системээ дахин нэвтрүүлэх төлөвлөгөөгүй байгааг баталсан юм.

Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 2016 оноос хойш тус улсын интернэт ертөнцөд тавих хяналтыг улам чангатгаж эхлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian