Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгчөөр өөрийгөө тодруулсан Хуан Гуайдо 19 дүгээр зууны тэмцэгчийн үйл хэргийг үргэлжлүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байгаа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өчигдөр олон нийтийн өмнө тангараг өргөхдөө нэг гартаа тус улсын үндсэн хуулийг атгасан байв.

Үндсэн хуулийн нүүрэн дээр 19 дүгээр зууны эхээр Андын уулсын бүс нутгийг Испаний колоничлолоос чөлөөлсөн Венесуэлийн цэргийн удирдагч Симон Боливарын хөрөг байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Боливар бол Венесуэлийн үндэсний баатарт тооцогддог хүн бөгөөд зөвхөн тус улсад төдийгүй Өмнөд Америк тивийн умард хэсгийн олон хотод түүний хөшөө сүндэрлэдэг.

Улс төрийн үзэл баримтлалаасаа үл хамааран энэ улсын бүх үеийн удирдагчид өөрийгөө Боливарын үйл хэргийг залгамжлагч хэмээн өргөмжилж, олны дэмжлэгийг авдаг байжээ. Одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро, түүний өмнөх удирдагч талийгаач Уго Чавез нар өөрсдийн социалист засаглалыг Боливарын эрх чөлөөний төлөө тэмцлийн үргэлжлэл гэж үздэг байв.

1999 онд Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Чавез улсынхаа албан ёсны нэрийг Боливарын Бүгд Найрамдах Венесуэль улс болгон өөрчилж байжээ.

2012 онд тэр 100 гаруй сая ам.долларын өртөгтэй бунхныг Боливарт зориулан нээж байсан юм. Дараа нь Чавезыг залгамжилсан Мадуро 2017 онд Боливарын сүнс Венесуэлийн ард түмний дунд дахин төрснийг зарлаж байлаа.

Зөвхөн социалстууд биш, 1958 оныг хүртэл Венесуэльд тогтож байсан Маркоз Перез Хименезийн үндсэрхэг үзэлт цэргийн дэглэм мөн Симон Боливарын нэр хүндийг өөрийн үйл хэрэгт ашигладаг байв.

Венесуэлийн үндсэн хуулийн хэд хэдэн хувилбар хэвлэгдсэн байдгаас Хуан Гуайдо нүүрэндээ 19 дүгээр зууны чөлөөлөгчийн хөрөгтэй хувилбарыг сонгосон нь Симон Боливарын үйл хэрэг дараачийн засаглалын үед ч үргэлжлэхийг харуулж байна.

 

Эх сурвалж: The Guardian