Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Баруунтуруун болон Рашаантын шалган бүртгэх товчоог нэгтгэхээр болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтуруун болон Рашаантын шалган бүртгэх товчоог нэгтгэхээр болжээ.

Баруунтурууны төлбөр хураах, шалган бүртгэх товчоо нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяанд ажилладаг, хэдхэн км-ийн цаана байх Рашаантын буюу 361 дүгээр гарамын товчоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, нэг нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс нийслэл рүү ороход, нөгөө нь Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл хотоос гарахад зам ашигласны төлбөрийг иргэдээс тус тус хураадаг.

Баруунтурууны товчоо нь олон улсын стандартад нийцсэн орц, гарцтай есөн эгнээгээр зорчуулах хүчин чадалтай ч зөвхөн орох, гарах нэг, нэг эгнээгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг, үлдсэн гарцуудыг огт ашигладаггүй.

Дээрх нөхцөл байдлыг АТГ-аас судалж үзээд хоорондоо ойрхон байрладаг хоёр товчоог нэгтгэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай болгох, хүнд суртал, иргэдийн гомдол чирэгдлийг арилгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн яаманд зөвлөмж чиглэл өгч, хамтран ажиллажээ.

Эхний ээлжинд сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь есөн эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Улсын хэмжээнд олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах, шалган бүртгэх 22 товчоо байдаг. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын орон нутагт 19, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяа Яармаг, Эмээлт, Баруунтуруун гэсэн гурван чиглэлд товчоод ажиллаж байна.

Цаашид бусад товчоодыг нэгтгэх, төлбөр хураалтыг цахимжуулж орчин үеийн ухаалаг техник технологиор шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хүнд суртлыг халах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар АТГ, ЗТХЯ хамтран ажиллахаар тогтжээ.

 

Эх сурвалж: АТГ