Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт 46 нэрийн бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг 29.4%-аар бууруулжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN

"Давсны хэрэглээг бууруулахад хүнс болон хоол үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо дэмжлэг маш их"  

 
Гэрэл зургийг mpa.mn

Насанд хүрсэн хүний хоногт хэрэглэх давсны зөвшөөрөгдөх хэмжээ нь 5 гр хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Тэгвэл Монгол Улсын хүн амын 83.2 хувь нь хоногт үүнээс их хэмжээний давс хэрэглэдэг байна. Тухайлбал, баруун бүсийн хүн ам хоногт 15.4, хангайн бүсийнхэн 9.4, төвийн бүсийнхэн 9.9 гр давс хэрэглэдэг бол хамгийн бага хэрэглээтэйд тооцогдож буй зүүн бүсийнхэн хоногт 7.7 гр давс хэрэглэж байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл давс хэрэглээ ийм өндөр байх нь артерын даралт ихсэх, тархинд цус харвах, чихрийн шижин, яс сийрэгжилт, шалтгаан нь тодорхойгүй хаван, таргалалт зэрэг олон өвчний шалтгаан болж байгааг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний хоёрдугаар шатны нээлтийн үеэр онцоллоо. 

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018, 2019-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр хоёрдугаар шатны нээлтээ ийнхүү эхлүүлэв. 

Тус арга хэмжээний нэгдүгээр шатыг өнгөрсөн оны 1-10 дугаар сард зохион байгуулахад 11 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хиам, зайдас, элэгний нухаш, талх, нарийн боов, хоол зэрэг нийт 46 нэрийн бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг дунджаар 29.4 хувиар бууруулжээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа “2015 онд Монгол Улсын Засгийн газрын 353 дугаар тогтоолоор Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталсан. Үүнд 2025 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэх нэг алхам нь уг арга хэмжээ. Иргэдэд давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх өргөн сонголтыг бий болгох, улмаар монгол хүний давсны хэрэглээг бууруулах, тэдний эрүүл мэндийг сайжруулахад хүнс болон хоол үйлдвэрлэгч та бүхний үүрэг, оролцоо дэмжлэг маш их байдаг" гэлээ.

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний хоёрдугаар шатыг улс орон даяар хэрэгжүүлнэ. Арга хэмжээнд хамрагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагад бүтээгдэхүүнийхээ давсыг хэрхэн бууруулах, технологийн заавартай яаж уялдуулах талаар мэргэжлийн байгууллагууд хамтарсан зөвлөгөө, чиглэл өгөх аж. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 2019 онд Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд зах зээлд худалдаалагдаж буй иоджуулсан давсны хаяг шошго, сав баглаа боодолд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn