Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон дипломат ажилтнуудаа Венесуэлиэс татахаас татгалзаж, шаардлагатай бол хамгаална гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсныг АНУ саяхан хүлээн зөвшөөрсөн билээ.

Хариуд нь Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа салгаж, нийслэл Каракас дахь элчин сайдын яамны ажилтнуудыг нь 72 цагийн дотор нутаг буцахыг шаардсан.

Шударга бус сонгуулийн дүнд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Николас Мадурог Вашингтон хууль бус ерөнхийлөгч гэж үзэж байгаа юм. 

Өнөөдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан мэдэгдэлдээ Каракаст суугаа дипломат ажилтнуудаа буцаан татахгүй, хэрвээ тэдэнд ямар нэг хэмжээгээр аюул учирвал зохих арга хэмжээг авна гэж анхааруулжээ.

“Венесуэлийн иргэд, АНУ болон бусад орны иргэдийн амь нас, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хамгаалахыг Венесуэлийн арми, хүчний байгууллагуудад бид уриалж байна. Хэрвээ хэн нэгэн манай элч төлөөлөгчид, иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулбал АНУ зохих арга хэмжээг авах болно” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Мөн АНУ-аас дипломат харилцаагаа салгах Мадурогийн шийдвэрийг хууль бус ерөнхийлөгчийн шийдвэр тул хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.