Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн Давосын чуулга уулзалтад хэн хэн оролцож байна вэ?

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Image: CNBC

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцар улсын цаст Давос хотноо дэлхийн улс орны тэргүүнүүд, улс төр, бизнес, техник технологийн салбарын томоохон тоглогчдыг нэгтгэдэг Дэлхийн Эдийн Засгийн чуулган өнгөрөгч Мягмар гарагт олон улсын төлөөлөгч 3,000 гаруй төлөөлөгч, 350 салбар хэлэлцүүлэгтэйгээр эхлээд байна.

Швейцар улсын эдийн засагч Клаус Швабын санаачилгаар 1971 онд анх үүсгэн байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форум нь хараат бус, бие даасан байгууллага нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.

Тус форумаас саяхан гаргасан нэгэн судалгаагаар 2017-2018 оны хооронд Дэлхийн Эдийн Засгийн Форум өөрийн ашгаас олсон нийт 327 сая швейцар франкийг дэлхийн дижитал эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хүч болон технологийн салбарт зарцуулснаа мэдээлээд байна.

 
Image: The National

Өнгөрсөн 2018 оны Давосын уулзалтад нийт 110 гаруй орны 3,000 орчим төлөөлөгч 400 салбар хэлэлцүүлэгт хуваагдан хуралдаад байсан билээ. Тухайн үеийн онцлох зочдоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар нэрлэгдээд байсан юм.

Тэгвэл энэ жилийн форумын ерөнхий сэдэв нь өмнөх жилүүдтэй төстэй. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн "Глобалчлал 4.0: Дөрөв дэх Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед дэлхийн нийтийн хөгжлийн загварчлалыг тодорхойлох нь” сэдвээр олон талт дэлхий ертөнцөд тогтвортой, оролцоог хангасан нийгмийг бий болгох шинэ загваруудыг тодорхойлох талаар яриа, хэлэлцээр өрнүүлж байгаа юм байна.

Чуулга уулзалтын томоохон зочдоор ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Их Британи улсын Хунтайж Уильям, Бразил улсын шинээр тодорсон Ерөнхийлөгч Жайр Болсонару нар болон Шинэ Зеланд, Израил, Итали, Испани, Бельги, Нидерланд зэрэг улсын Ерөнхий сайд нар нэрлэгдэж байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпин, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар өөрийн улс орондоо шийдвэрлэх илүү чухал асуудалтай байгаа гэх шалтгаанаар энэ удаагийн Эдийн засгийн форумд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Гэхдээ БНХАУ-ыг төлөөлөн тус улсын Дэд дарга Ван Цишань өчигдөр хуралдсан салбар хуралдааныг нээж, БНХАУ-ын хөгжил, дэвшлийн талаар илтгэл тавьжээ.

Өнгөрөгч Мягмар гарагт эхэлсэн тус форумд томоохон бизнес эрхлэгч, компани болон олон улсын байгууллагыг төлөөлөн Билл Гэйтс, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард нар тус тус оролцож байна.

Харин манай улсаас Монгол Улсыг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Сумьяабазар болон холбогдох албны төлөөлөгчид оролцож байгаа талаар УУХҮЯ мэдээлэв. Өнгөрсөн жил тэрбээр тус чуулга уулзалтад мөн оролцож, салбар хуралдаанд Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар, усан хангамж, оролцоог хангасан хөгжлийн талаар мэдээлэл өгч байсан удаатай.

Манай улс Давосын эдийн засгийн чуулганд:

  • 1991 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайдын түвшинд,
  • 1997, 1998, 2001, 2002, 2003, 2012 онд Ерөнхий сайдын түвшинд,
  • 2009, 2010, 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017 онд Ерөнхийлөгчийн түвшинд тус тус оролцож байсан удаатай.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэлгэрэнгүй мэдээлэл болон шууд дамжуулалтыг форумын албан ёсны вэб сайтаас авах боломжтой.