Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Францын хаан шиг цаазлуулахгүйн тулд шинэчлэл хийхээ Макрон амлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Парисын гадна орших Версалийн ордонд гадаадын 150 орчим бизнесийн удирдагч нартай уулзжээ.

Тэдний дотор Uber компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи, JPMorgan Chase компанийн Жэймс Даймон, Coca Cola компанийн Жэймс Күйнси зэрэг алдартнууд багтсан байна. Бизнесийн лидерүүд энэ сарын сүүлээр Швейцарийн Давост болох дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор явах замдаа Францад саатаад байгаа юм.

Өчигдөр бол Францын түүхэнд чухал өдөр. Өчигдрөөс яг 226 жилийн өмнө буюу 1793 оны нэгдүгээр сарын 21-нд Францын хаан Луй XVI хувьсгалчдын гарт цаазлуулж байжээ. Тодруулбал хувьсгалчид гилльотин гэж нэрлэдэг цаазлах механизм ашиглан эзэн хааны толгойг авснаар Франц оронд хаант ёсыг халсан юм.

Шар хантаазтан босогчдын тэмцэл хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа Франц улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Макрон энэ уулзалтыг зохион байгуулжээ.

Тэр “Олон хүн өнөөдөр энд цугларахад тохиромжгүй өдөр гэж бодож байгаа. Гэвч Францын түүхээс харвал өнөөдөр удирдагч нар өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж авахаас татгалзвал яаж дуусдгийг сануулсан өдөр юм” гэж хэлжээ.

Бизнесийн салбарынханд ээлтэй хүнд тооцогддог Эммануэл Макрон шар хантаазтан иргэдийн дэгдээсэн үймээн самууны улмаас бодлогоо өөрчлөхгүй гэдгээ энэ үеэр баталсан байна. Макрон “өнгөрсөн 18 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн татварын популист бус шинэчлэлтүүдээсээ ухрахгүй” гэж энэ үеэр хөрөнгө оруулагчдад амласан юм.

Шар хантаазтан тэмцэгчид долоо хоног бүрийн Бямба гарагт Францын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур шатахууны татварын өсөлтийг эсэргүүцэж эхэлсэн тэмцэл сүүлдээ Эммануэл Макроны нийгмийн элит давхаргынханд ээлтэй эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн хөдөлгөөн болж өргөжсөн юм.

Зарим тохиолдолд цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэж, хүчирхийлэл дэгдээж буй тэмцлийн үр дүнд өнөөдөр нийтдээ 1,000 гаруй хүн баривчлагдаад байна.

 

Эх сурвалж: AFP