Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Бёрнсийн Үдэш" арга хэмжээ Улаанбаатар хотноо найм дахь жилдээ болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шотландын ард түмний их яруу найрагч Роберт Бёрнсийн дурсгалд зориулж тэмдэглэдэг "Бёрнсийн Үдэш" арга хэмжээ Улаанбаатар хотноо найм дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь нэгдүгээр сарын 26-нд Кемпински зочид буудалд болох ба Их Британийн Элчин сайдын яам, Монгол-Британийн Худалдааны Танхим болон Шотланд дахь Монголын Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь Шотланд үндэсний соёл, яруу найраг, хоол зэргийг таниулахаас гадна хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн арга хэмжээнд Их Британийн парламентын гишүүн Жон Гроган хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Их Британийн Элчин сайд Филип Малон тус арга хэмжээний талаар "Монголд томилогдон ирснээс хойших анхны Бёрнсийн Үдшийг тэмдэглэх гэж буйдаа баяртай байна. Тус баяр нь Шотландын ард түмний хувьд ихээхэн ач холбогдолтой уламжлал бөгөөд дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Шотландын уламжлал, соёл нь Их Британи-Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм" гэж хэлжээ.

Шотланд цуур хөгжимчин Кэйлий бүжгийн ая эгшиглүүлж, яруу найрагч Роберт Бёрнсийн шүлгээс уншин Шотланд виски, үндэсний зоог болох хаггисийг/хонины гэдэсний шавайтай төстэй/ амтлан нэгэн үдшийг өнгөрүүлэх юм.
 

Роберт Бёрнс Шотландын ард түмний дунд их яруу найрагч, соёлын бэлэг тэмдэг хэмээн өргөмжлөгдсөн нэгэн юм. Түүнийг романтизмийг үндэслэгч хэмээн үздэг бөгөөд либерализм болон социализмийг үндэслэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.

Бёрнсийн үдшийг алдарт яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийг дурсан төрсөн өдрөөр нь эсвэл ойролцоо өдөр нь тэмдэглэдэг. Анх 1801 онд түүнийг нас барсны таван жилийн ойд зориулан найз нар нь Бёрнсийн үдшийг зохион байгуулж байжээ. Бёрнсийн үдшээр Шотланд үндэсний зоог болох хаггисийг зооглохоос өмнө яруу найрагчийн тус зоогт бичсэн ерөөлийг уншдаг уламжлалтай юм байна.