Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний “бикинитэй уулчин” уулын хавцалд осгож нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тайваний хамгийн өндөр оргилуудад авирч гараад бикини буюу усны хувцастай гэрэл зургаа авхуулж, сошиал сүлжээнд нийтэлдэгээрээ алдаршсан эмэгтэй уулчинд саяхан золгүй явдал тохиолджээ.

36 настай Жижи У өнгөрсөн долоо хоногт Тайваний Юшань үндэсний паркын уулсад авирахаар ганцаараа явсан юм. Тэрээр аялалын үеэр уулын хавцалд унаж, бэртсэн байна. Хөдөлж чадахгүй болсон уулчин бүсгүй аврах албаныхантай холбогдож чаджээ.

Гэвч цаг уурын нөхцөл байдал таагүй байснаас нисдэг тэрэг гурван удаа ослын газарт хүрч чадалгүй буцаж, эцэст нь аврагчид уул руу явган авирсан байна.

Ингээд өчигдөр буюу Даваа гарагт уулчин бүсгүйн байгаа газарт хүрэхэд тэр осгож амиа алдсан байжээ. Энэ үед агаарын температур Цельсийн хасах хэмд хүрээд байсан гэнэ.

Жижи Угийн фэйсбүүк хуудсанд хамгийн сүүлд нэгдүгээр сарын 18-ны өдөр уулын оройгоос үүлсийн зургийг авснаа нийтэлсэн байжээ. Түүний фэйсбүүк хуудас 18,000 гаруй дагагчтай юм байна.

2018 онд Тайваний хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр найзтайгаа бооцоо тавиад алдсан тул бикинитэй зургаа нийтэлдэг болсон тухай ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC