Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор анх удаа Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 330 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь “Эрдэнэтийн 49 хувь” хэмээх дуулианы эхлэл болсон билээ. "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбогдуулан иргэд, олон нийтийн байгууллагууд 40 гаруй удаа шүүхэд гомдол гаргасан боловч нэг ч удаа шүүх маргаан үүсгээгүй аж. Харин “Иргэний эрхийн тунхаглал” ТББ Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор анх удаа Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэхээр болжээ. Энэ талаар тус ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Иргэний эрхийн тунхаглал” ТББ-аас Захиргааны хэргийн шүүх дээр 2018 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байгаа. Мөн УИХ-ын 23 дугаар тогтоолыг биелүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсэж буй аж. 

Засгийн газраас гаргасан 330 дугаар тогтоолд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, "Монголиан Коппер Корпорэйшн"д худалдаж авахыг нь зөвшөөрсөн байдаг. Харин УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 23 дугаар тогтоол гаргасан. 

Гэтэл өнөөг хүртэл УИХ-ын тогтоол хэрэгжээгүй, төр өөрийн мэдлийн 49 хувиа авч чадаагүй гэдгийг "Иргэний эрхийн тунхаглал" ТББ-ын төлөөлөл хэллээ. Мөн 2017 оны хоёрдугаар сараас хойш "Монголиан Коппер Корпрорэйшн" 49 хувийн ноогдол ашгаа авч байгаа гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх ТББ өмгөөлөгч Д.Батбаяраас хууль зүйн зөвлөгөө авч байгаа аж. Энэ тухай мэдээлэл хийх үеэр өмгөөлөгч Д.Батбаяр “Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэхдээ хариуцагчаар Монгол Улсын Засгийн газрыг татсан. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар эх орноо боддог бол маргалдалгүйгээр бидний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, мөн “Монгол Росцветмент”-ийн нэр дээр байгаа ашигт малтмалын 43 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсэж байна” гэлээ.