Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой”-н алтны үйлдвэрлэл 150 хувиар өсжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани 2018 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.

Тус компани 2018 онд 159,100 тонн зэс үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 2.6 хувиар, 285,000 унци алт үйлдвэрлэн төлөвлөгөөгөө 1.8 хувиар давуулан биелүүлжээ. Ингэснээр зэсийн үйлдвэрлэлээ 2017 оныхоос 1.1, алтны үйлдвэрлэлээ 150 хувиар тус тус өсгөж чаджээ.    

Хүдэр дэх агуулга, металл авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл 2017 оны мөн үеэс 234.3 хувиар өссөн. Харин боловсруулсан хүдрийн хэмжээ буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг тайланд дурджээ.

Үргэлжлүүлэн 2019 онд 125-155 мянган тонн баяжмалаас зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл 180-220 мянган унци байх таамагтай бол ил уурхай оны турш IV шатны хатуулаг өндөртэй хүдэр олборлохоор төлөвлөжээ. Мөн 2019 онд тээрмийн ашиглалт ойролцоогоор 40 сая тонн байх гэнэ.

2019 онд гүний уурхайд 15-16 км хөндлөн малталт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

“Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулжээ.

2018 оны IV улирлын байдлаар “Оюу толгой”-д ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлсэн байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байгааг тайланд онцолжээ.