Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Токио, Сөүлийн талууд тэнгисийн нэрний асуудлаар хэлэлцэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон, Өмнөд Солонгос хоёр улсыг зааглаж байдаг тэнгисийн нэр маргаантай байдаг. Япончууд энэ тэнгисийг Япон тэнгис гэж нэрлэдэг бол солонгосчууд Зүүн тэнгис гэж нэрлэдэг. Умард Солонгосын тал ч энэ асуудал дээр Өмнөд Солонгостой нэг байр суурьтай байдаг юм.

Тэгвэл далай тэнгисийн нэрсийг бүртгэж, зохицуулж байдаг Олон Улсын Усзүйн Байгууллага (IHO-International Hydrographic Organization) эдгээр гурван улсыг 2020 онд болох дээд чуулганаасаа өмнө нэрний маргаанаа шийдэх шаардлага тавьсан байна.

1921 онд байгуулагдсан IHO байгууллагад Япон улс анх энэ тэнгисийн нэрийг “Япон тэнгис” хэмээн бүртгүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлжээ.

Харин сүүлд 1992 онд Өмнөд Солонгос улс нэрний асуудлаар НҮБ-д гомдоллож эхэлсэн юм. 

Тэдний үзэж байгаагаар “Япон тэнгис” нэр нь 1910-1945 оны Японы колоничлолын үр дүнд өгсөн нэр гэнэ. Сөүлийн шаардлага эрчимжиж эхэлсэн тул өнгөрсөн онд IHO байгууллага Токиод хандаж, нэрний асуудлыг хэлэлцэж, нэг тийш болгохыг даалгажээ.

Хэрвээ Токиогийн тал нэрний асуудлаар Сөүлтэй хэлэлцэхээс зайлсхийвэл IHO хүчээр шийдэх эрхтэй болохоо энэ үеэр мэдэгдсэн байна. Ер нь Япон, Өмнөд Солонгосын хооронд олон маргаантай асуудлууд нээлттэй байдаг.

Тухайлбал дайны үеэр сэкс боолоор ажиллаж байсан эмэгтэйчүүдийн асуудал, Японы үйлдвэрүүдэд боолчлогдож байсан иргэдийн асуудал, Докдо буюу Такешима арлын маргаан зэрэг бий. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын байлдааны хөлөг Японы харуулын нисэх онгоц руу бууны овоо хараагаа чиглүүлсэн гэх маргаан үргэлжилж байна.

Фүкүй Мужийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Шойчи Ямада “Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний засаг захиргааны үед Өмнөд Солонгос Умард Солонгостой хамтарч, Японы эсрэг түүхэн асуудлуудыг босгох ажиллагаа явуулж байгаагийн нэг нь энэхүү тэнгисийн нэрний асуудал юм. Орос, Хятад улсууд ч энэ нэрний асуудлаар гомдол гаргадаггүй. Бид ч бас Цушима хоолойг Солонгосын хоолой гэж нэрлэхэд нь эсэргүүцдэггүй. Тэд дуу хоолойгоо улам чангаруулж, давтамжийг нь ойртуулснаараа нийт солонгосчуудыг солиоруулж байна” хэмээн энэ тухай ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post