Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

1961 оноос хойш Хятадад хамгийн цөөн хүүхэд төрсөн жил нь 2018 он боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын Үндэсний Статистикийн Хороо 2018 оны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд, тоо баримтуудаа танилцуулсан юм.

Түүнд өгүүлснээр 2018 онд Хятадад 15.23 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь сүүлийн бараг 60 орчим жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болжээ.

Мао Зэдуны “Их үсрэлт”-ийн бодлогын үр дүнд олон сая хүн өлсгөлөнгөөр нас барж, хүүхдийн эндэгдэл, үр хөндөлт өндөр байсны улмаас 1961 онд Хятадад 12 сая хүүхэд шинээр мэндэлж байсан юм.

Тэгвэл 2018 он нь 1961 оны дараа орох бага төрөлттэй жил болжээ. Гэхдээ 1961 онд Хятад улс 660 сая орчим хүн амтай байсан. Харин өнөөдөр 1.4 тэрбумд хүрээд байгаа.

Хэрвээ төрөлт буурах хандлага энэ хэвээр үргэлжилбэл найман жилийн дотор Хятадын хүн амын тоо буурч эхэлнэ гэдгийг саяхан судлаачид анхааруулсан юм.

Төрөлт буурах хандлагыг зогсоохын тулд Бээжингийн эрх баригчид гурван жилийн өмнө 40 жил үргэлжилсэн “нэг хүүхэд”-ийн бодлогоо зогсоож, айл өрхүүдийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн. Харин 2019 онд хүүхдийн тоонд хязгаар тавихаа бүрмөсөн зогсоох байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа юм.

“Нэг хүүхэд” бодлогыг зогсоосон эхний жил буюу 2016 онд 18.46 сая хүүхэд мэндэлсэн бол 2017 онд 17.23 сая болж буурчээ. Эндээс харвал хүн амын тоог хязгаарлах бодлого цуцлагдсан ч Хятадын өндөр настнуудын тоо нэмэгдэж, ажил хөдөлмөр эрхлэх насны иргэдийн тоо нь буурах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Quartz