Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эдийн засаг 1990 оноос хойш хамгийн бага өсөлттэй гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 2018 онд Хятадын эдийн засаг 6.6 хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн бараг 30 жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлт болжээ.

Тодруулбал 1990 оноос хойшх хамгийн бага өсөлт, 2017 оны 6.8 хувиас буурсан үзүүлэлт болсон байна.

Өнөөдөр зарласан 2018 оны эдийн засгийн үзүүлэлт нь Бээжингийн эрх баригчдыг АНУ-ын засаг захиргаатай зөвшилцөж, худалдааны зөрчил маргаанаа шийдэхэд хүргэж болзошгүй болжээ.

Хятадын Үндэсний Статистикийн Хорооны дарга Нинь Жизэ “Хятад-Америкийн зөрчил Хятадын эдийн засагт нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол зохицуулж болох асуудал” гэж мэдэгдсэн байна.

Манай гарагийн хоёр дахь том эдийн засагтай энэ орны үзүүлэлт нийт дэлхий дахины эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхөөр байгаа юм.

АНУ-аас үзүүлж буй худалдааны дарамт шахалтаас гадна Хятадын засгийн газрын өрийн эрсдлээ бууруулах гэсэн бодлого сүүлийн хэдэн сард иргэдийн хэрэглээ, үйлдвэрлэлийн гарцыг бууруулж, хөрөнгө оруулалтыг багасгасан байна.

Economist Intelligence Unit байгууллагын Хятадын зах зээлийг хариуцсан судлаачид 2019 оны өсөлтийг 6.3 хувь болж, 2020 онд ч бууралт үргэлжилнэ гэж тооцоолжээ.

Энэ сарын эхээр Бээжинд болсон Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн дараагийн шат нэгдүгээр сарын 30, 31-нд Вашингтонд үргэлжилж, Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ оролцох гэж байгаа.

Гэхдээ өнөөдөр зарласан тоо баримт бүгд муу байгаагүй юм. Тухайлбал өнгөрсөн сард Хятадын аж үйлдвэрийн гарц өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.7 хувь, жижиглэнгийн борлуулалт 8.2 хувиар өссөн байна.

Вашингтон дахь The Center for Strategic and International Studies байгууллагын Хятадыг хариуцсан худалдааны эксперт Скотт Кеннэди “Хятадын эдийн засаг үнэмлэхүй утгаараа өссөн хэвээр байна. Арван жилийн өмнөхөөсөө 3.5 дахин том эдийн засагтай болоод байгаа” гэсэн өөдрөг дүгнэлийг хийжээ.

Үүнээс гадна Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээрийн явц ахицтай байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian