Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс манай улстай эрүүл мэнд, биотехнологийн салбарт хамтран ажиллах санал тавьжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын III Зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 18-19-нд Хавана хотноо болжээ.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Марселино Медина нар тэргүүлэн оролцсон байна.

Талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт тодорхой ажлууд хэрэгжиж, үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2020 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг  тэмдэглэх, дээд, өндөр түвшний айлчлал  хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцжээ. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кубын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны Тэргүүн дэд сайд Фернандо Бермудезтэй уулзаж, хоёр талын шинжлэх ухаан,  технологи, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж, “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

 

Мөн тэрбээр Кубын Дипломатын Академи, эмийн бэлдмэл болон вакцины үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэх Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  Кубын тал манай улстай эрүүл мэнд, биотехнологийн салбар, ялангуяа чихрийн шижин өвчнийг эмчлэх, элэгний “В” болон ”Дельта” вирусыг устгах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, малын шүлхий болон хачиг зэрэг шимэгч амьтны эсрэг вакцин нийлүүлж, хамтран ажиллах санал тавив.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам