Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний муслим хүн амд автономит эрх олгох эсэх асуудлаар санал хураалт явуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Филиппиний өмнөд мужид амьдардаг хүн амын муслим цөөнхөд автономит эрх олгох эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулагдаж байна.

Үймээн самуун, дайн дажин ихтэй Минданао мужийн 2.8 сая оршин суугч өнөөдөр Бангсаморо (Моро хүмүүсийн нутаг) нэртэй өөртөө засах муж байгуулах үгүйг олонхын саналаар шийднэ.

Хэрвээ дэмжигдвэл Филиппиний хамгийн ядуу, тогтворгүй энэ бүс нутаг өөрийн засаг захиргаа, хууль тогтоох байгууллагыг бий болгож, төсвөө өөрөө мэдэж зарцуулдаг болно.

Минданао мужид сүүлийн 40 орчим жил салан тусгаарлах тэмцэл өрнөж, 120,000 гаруй хүний амь үрэгджээ. Автономит эрх олгогдвол Манилагийн төв засгийн газар батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлого, мөнгө санхүүгийн бодлогыг зохицуулах ба дотоод засаглах эрхийг Моро Исламын Чөлөөлөх Фронт байгууллагад шилжүүлэх юм. Улмаар тэд 2022 онд чөлөөт сонгууль явуулж, өөртөө засаглах эрхийг хууль ёсоор сонгогдсон этгээдэд шилжүүлэх ёстой.

Олон жил Филиппиний эрх баригчдын хийж зүрхлэхгүй байсан алхмыг ерөнхийлөгч Родриго Дутерте ийнхүү хэрэгжүүлж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт сонгогчдод хандаж хэлэхдээ бүс нутагт энх тайван байдал тогтоож, хөгжил дэвшил авчрах төлөвлөгөөг нь дэмжихийг уриалжээ.

Санал хураалтын эцсийн дүн ирэх Баасан гарагт гарах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters