Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй: Миний охин намайг залгамжлахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны Хуавэй компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рэн Жэнфэй саяхан Японы Никкей сонинд ярилцлага өгчээ.

Түүний охин, Хуавэй компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Мэн Ванжоуг АНУ-ын эдийн засгийн хоригийг зөрчиж, Иранд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэргээр Канадад баривчлаад байгаа билээ.

Хэрвээ АНУ-ын конгресс Хуавэй компанид технологи, эд анги нийлүүлэхийг хориглох хууль гаргавал яах талаар Жэнфэйгээс асуухад тэр “Хуавэй бол ZTE биш. Манай бизнест том нөлөө үзүүлэхгүй. Бид өөрийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ орлуулах чадвартай” гэж хариулжээ.

2018 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Intel, Nvidia, Qualcomm компаниудаас чип, эд анги нийлүүлэхийг хориглосны дараа ZTE компани дампуурлын ирмэгт хүрч, дараа нь долдугаар сард Вашингтон уг хоригоо цуцалснаар аврагдаж байсан юм.

Харин ZTE компанитай харьцуулбал Хуавэй нь дотоод судалгаа, туршилт, хөгжүүлэлтэд асар их мөнгө зарцуулдаг, Вашингтоны хоригийг өөрийн хүчээр даван гарах чадвартай гэдгийг Рэн Жэнфэй батлан хэлсэн байна.

Тэр бас охиныг нь Канадад баривчилсан явдалд маш их цочирдож, гайхсанаа яриад мөрдөн байцаах ажиллагаа ид явагдаж буй тул илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Охин Мэн Ванжоуг өөрийнх нь залгамжлагч болохгүй гэдгийг Жэнфэй энэ үеэр хэлсэн байна. “Миний залгамжлагч Мэн Ванжоу болохгүй нь тодорхой. Тэр менежмэнт сайтай, хүмүүстэй харилцахдаа онцгой нэгэн. Гэхдээ миний залгамжлагч технологийн суурьтай, зах зээлийн талаар гүнзгий мэдрэмжтэй, стратеги боловсруулах чадвартай, социологи, философийн өргөн мэдлэгтэй хүн байх ёстой” гэж Рэн Жэнфэй ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Миний залгамжлагч ганц хүн биш, бүлэг хүн байх ёстой” гэсэн байна.

Рэн Жэнфэй хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын Коммунист Намд дамжуулдаг гэх сэжгийн талаар “Сүүлийн 30 жилийн турш бид хэзээ ч ийм асуудал гаргаж байгаагүй. Хэрвээ манай хэрэглэгчийн нууц мэдээллийг өгөхийг шаардвал бид эрс татгалзана” гэж хариулжээ.

Одоо 74 настай Рэн Жэнфэй олны анхаарлын төвөөс хол байдгаараа алдартай нэгэн. Гэвч охиныг нь Канадад баривчилсан явдлын дараа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй болоод байгаа. 

Тэрээр Хятадын Ардын Чөлөөлөх Армид инженер байхдаа 1987 онд Хуавэйг $3,000-ын хөрөнгөтэй байгуулж байжээ. Рэн Жэнфэй бас Хятадын Коммунист Намын гишүүн юм.

Өнөөдөр Хуавэй нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ухаалаг гар утасны дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болоод байна.

2018 онд энэ компанийн борлуулалтын хэмжээ $100 тэрбум давсан юм. Гэхдээ Хуавэйн тэлэлт саад бэрхшээл ихтэй байна. Тухайлбал тус компанийн 5G технологийг сонгохгүй байх шийдвэрийг Британий BT Group, Францын Orange компаниуд гаргасан. Мөн АНУ, Австрали, Шинэ Зеландын засгийн газрууд үндэсний аюулгүй байдлын үүднээс тус компанийн бүтээгдэхүүнд хориг тавиад байна.

АНУ-ын засгийн газар одоо Хуавэйг тус улсын T-Mobile компаниас технологи хулгайлсан гэх хэргийг шалгаж байгаа тухай Уолл Стрит Журнал саяхан мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Британий Оксфордын их сургууль судалгаа шинжилгээний ажилдаа Хуавэй компаниас хандив тусламж авахаас татгалзаж байгаагаа зарласан юм.

Рэн Жэнфэй 2019 онд Хуавэй бизнесийн өсөлтөө хадгалах төлөвтэй, гэхдээ өсөлтийн хувийг 2018 онтой харьцуулбал 20 хувиас хэтрэхгүй байна гэж таамаглаж байгаагаа ярьжээ.

 

Эх сурвалж: Nikkei