Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гахайн мах, өөхний орцтой хиамыг хүнсэнд хэрэглэж болох уу?

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-аас өнөөдөр Цагаан сарын баярыг угтсан хяналт шалгалт болон нийслэл хотод гахайн мялзан өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчний шинж тэмдэг илэрсэн 314 гахайг устгалд оруулаад байгаа аж. Мөн хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт шалгалт хийж, гахайн түүхий мах худалдаалж байсан цэгүүдийг лацдан, 3.3 тонн махыг устгалд оруулсан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас хиам үйлдвэрлэдэг 10 ААН-ийн 40 дээжээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар вирусийн эерэг үзүүлэлт гараагүй байгааг мөн хэллээ.

Харин гахайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирус илэрсэн тохиолдол байгааг мэдээллээ.

"Хиамны үйлдвэрүүд гахайн өөх гэхээсээ хонины сүүл ашиглах нь түгээмэл болсон"

Гахайн мах, өөхний орцтой хиам, элэгний нухаш зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэж болох эсэх, вирус нь ямар тохиолдолд тэсвэргүй байдгийг НМХГ-ын ХХАА, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаагаас тодрууллаа.

"Гахайн мялзан өвчний вирус халуунд тэсвэр муутай байдаг. Ер нь бол 56 градуст 120 минут чанахад устана гэж үздэг. Харин хиамыг 100-аас дээш хэмд болгодог. Элэгний нухаш үйлдвэрлэхэд бараг гахайн өөх ашигладаггүй.

Ер нь шалгалтаар явж байхад энэ төрлийн хүнсний үйлдвэрүүд гахайн өөх гэхээсээ хонины сүүл ашиглах нь түгээмэл болсон нь ажиглагдаж байна. Энэ нь зах зээл дээр хонины сүүл гахайн өөхнөөс хямд байгаатай холбоотой болов уу" хэмээн тайлбарлалаа.

Гахайн мялзан өвчний вирус нь гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2-4 хэмд 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд нэг жил, өвчилж эдгэрсэн гахай 3-6 сар тээгч болдог байна.