НМХЕГ-ын даргын баталсан 0104 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг гүйцэтгэж байгаа аж.
Энэхүү шалгалт 2018 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл явагдах юм байна. Тэгвэл тус шалгалтын эхний арван хоног буюу энэ сарын 19-ний өдөр хүртэл явагдсан хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг НМХГ-аас өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай "Одоогийн байдлаар хяналт, шалгалтад нийт 158 аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамрагдаад байна. Үүнд нийт 1,108 худалдаа, үйлчилгээний төв, хүнсний үйлдвэр, хоолны үйлчилгээ үзүүлж буй байгууллага багтаж байна.
Шалгалтын явцад нийт 518 зөрчил илрүүлснээс 291 буюу нийт зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуулан улсын байцагчийн 48 заалт бүхий хугацаатай, найман албан шаардлагыг хүргүүлээд байна.
Мөн 71 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэргийн бүртгэл явуулж, 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэрэгт нь зөрчлийг хэрэг нээн Прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлээд байна.
Дээрх хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.
Шалгалтын хугацаанд лабораторийн шинжилгээнд 19 аж ахуйн нэгж байгууллагаас, 44 нэр төрлийн бүтээгдэхүүний 124 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан ба эдгээр дээжийн хариу хараахан гараагүй байна" гэлээ.
Мөн томоохон хэмжээний зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг танилцуулсан юм:
Эдгээрээс гадна Ялалтын талбайд худалдаа эрхэлж буй Архангай аймгаас ирсэн 53 иргэн, аж ахуйн нэгжийн борлуулж буй цагаан идээний бүтээгдэхүүнд хяналт тавьж, сүү цагаан идээнээс дээж аван шинжилгээнд өгөхөд шинжилгээний хариу стандарт шаардлагад нийцсэн гэж гарсан байна.
Дээрх ажлын хүрээнд НМХГ нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхэлж, ууц, өвчүү чануулахгүй байх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулахгүй байх зэрэг зөвлөмжийг иргэдэд хүргүүлээд байгаа юм байна.