Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Афин хотын төвд 100,000 хүртэл тооны хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Тэд өөрийн умард хөрш Македон улсын нэрийг солихыг эсэргүүцсэн байна. Энэ долоо хоногт Грекийн парламент Македон улсын нэрний өөрчлөлтийг батлах санал хураалт зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн онд хоёр орны засгийн газар тохиролцсоны үндсэн дээр Бүгд Найрамдах Македон Улсын нэрийг Умард Македоны Бүгд Найрамдах Улс болгон өөрчлөхөөр болсон юм. Грек улсын умард мужийг Македон гэж нэрлэдэг. Тиймээс ирээдүйд газар нутгийн маргаан үүсэхээс болгоомжилсон Грекийн тал Македон улсыг нэрээ солихыг сүүлийн бараг 30 жилийн турш шаардаж байгаа.

Гэвч нэрэндээ “Умард” тодотгол залгахаар болсныг нь олон Грек хүн хангалтгүй гэж үзэж байна. Жагсагчид умард хөршөө нэрэндээ ямар ч Македон гэсэн нэр агуулахгүй байхыг шаарджээ.

Тэд “Македон бол цорын ганц, Македон бол Грекийн өмч” гэсэн уриа лоозон барьсан байв. Энэ сарын эхээр Умард Македон нэрийг Македоны парламент дэмжсэн. Одоо Афин дахь Грекийн 300 суудалтай парламент үүнийг баталбал албан ёсоор улсын нэр болох юм.

Ингэсний дараа Грек улс Умард Македоны Европын Холбоо, NATO-д элсэх хүсэлтэд хориг тавихаа зогсооно. Хуучин Югославын бүрэлдэхүүнээс салж, тусгаар тогтносон Македон улсын нэрнээс болоод Грекчүүд олон жилийн турш умард хөршөө дээрх хоёр эвсэлд нэгдэхэд нь саад хийн, бойкотлож байв.

 

Эх сурвалж: The Guardian