Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд хулгайн анчид байгаль хамгаалагчийн амийг хөнөөсөн дуулиант хэргийг шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 13-ны Ням гарагт Казахстаны хүн амьдардаггүй тал нутагт бөхөн гөрөөс агнаж явсан хулгайн анчдын мөрөөр хоёр байгаль хамгаалагч орсон байна. Ерлан Нургалиев, Пётр Ницык нар хулгайн анчдыг зогсоох гэж оролдсон ч гэмт этгээдүүдэд зодуулж, хүнд бэртжээ.

Эмнэлэгт хүргэгдсэн Нургалиев хоёр хоногийн дараа амьсгал хураасан байна. Энэ бол Казахстаны байгаль хамгаалах чиг үүрэгтэй Охотзоопром засгийн газрын агентлагийн түүхэнд анх удаа хулгайн анчдын гарт байгаль хамгаалагч амиа алдсан тохиолдол юм.

Нургалиевын үхэлд бухимдсан Казахстаны иргэд гэмт этгээдүүдэд хатуу шийтгэл оноохыг эрх баригчдаас шаардаж, хэргийг тус улсын прокурорын ерөнхий газар тусгайлан анхааралдаа авсан байна.

Хулгайн анчдыг одоо эрэн сурвалжилж байгаа юм. Мөстлөгийн үед арслан заантай зэрэгцэн амьдарч байсан гэгддэг бөхөн гөрөөс Казахстанд хамгийн олон тоотой үлдсэн байдаг.

Гэхдээ энэ ховор амьтныг хулгайгаар агнах явдал нэмэгдэж байгаагаас тоо толгой нь буурч, мөхлийн ирмэгт хүрээд байгаа юм. 1990-ээд оны эхэн үед Казахстаны талд нэг сая гаруй бөхөн бэлчиж байсан бол үүнээс 10 жилийн дараа ердөө 20,000 үлдээд байжээ.

Харин өнөөдөр хулгайн антай тэмцэж, хамгаалах арга хэмжээ авснаар тоо толгой нь 200,000 хүрээд байна. Гэхдээ хууль бус хулгайн ан арилахгүй байгаа бөгөөд бөхөнгийн тоо толгой хорогдох нэг гол хүчин зүйл хэвээр байна.

Бөхөнгийн нэг килограм эвэр хар зах дээр олон мянган ам.доллараар үнэлэгддэг. Үүнийг Хятадын уламжлалт анагаах ухаанд эм болгон ашигладаг ажээ.

Энэ удаад Казахстаны эрх баригчид хулгайн анчдыг олж баривчлан хатуу шийтгэл оноох амлалтыг ард иргэдэдээ өгөөд ажиллаж байна. Уг хэрэг замхарвал бөхөн гөрөөсний хууль бус ан улам хүчээ авах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC