Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр орой мандах сарны ховор үзэгдэл Ази тивийнхэнд харагдахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө бидний нэрлэдгээр тэргэл сар тэнгэрт мандана.

Гэхдээ энэ удаагийн сарыг дэлхий даяар Супер, Цусан, Чонон сар гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл сар дэлхийд хамгийн ойр байрлах үедээ бүрэн хиртэх ховор үзэгдэл тохиолдох гэж байгаа юм.

Супер гэдэг нь сар тойрог замынхаа дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх тул ердийн үеэсээ 10-15 хувь том харагдана.

Цусан гэдэг нь сар энэ үеэр дэлхийн сүүдэрт бүрэн орж, хиртэхийг хэлж байна. Нарны гэрлээс халхлагдсан сар улаан туяатай харагдах юм.

Харин Америк тивийн уугуул иргэд нэгдүгээр сарын тэргэл сарыг “Чонон” сар гэж нэрлэдэг нь энэ үеэр ороо нь орсон чонын улих дуу нэмэгддэгтэй холбоотой гэнэ.

Дэлхийд хамгийн ойр байрлах үедээ бүрэн хиртэх сарны энэ үзэгдэл 100 жил тутамд гуравхан удаа тохиолддог. Мөн дараагийн сарны бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард болох тул уг үзэгдлийг хоёр жил гаруй хугацаанд харах боломжгүй юм.

Энэ ховор үзэгдлийг дэлхийн бөмбөрцгийн баруун хагасынхан буюу умард ба өмнөд Америк тивүүд бүхлээрээ ажиглах боломжтой. Баруун Европ, Африк тивийнхэн хэсэгчилж харах бол харамсалтай нь Ази, Австрали тивийнхэнд огт харагдахгүй өнгөрөх юм байна.

 

Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 11:30 цагт эхлэх үзэгдлийг бид дараах видео шууд дамжуулалтаас үзэх боломжтой. Сарны бүтэн хиртэлт нэг цаг, 2 минут орчим хугацаанд үргэлжилнэ. Харин сар захаасаа хиртэж эхлээд дэлхийн сүүдрээс бүрэн гарах хүртлээ 3 цаг, 17 минут болох гэнэ.

Эх сурвалж: National Geographic