Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ким Жон Унтай хоёрдугаар сарын сүүлээр уулзах тов гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын тусгай элч Ким Ён Чолтой Цагаан ордонд нэг цаг, хагас орчим хугацаанд уулзаж ярилцжээ.

Уулзалтын дараа АНУ, Умард Солонгосын удирдагч нарын хоёр дахь уулзалт хоёрдугаар сарын сүүлээр болох тов гарсныг Цагаан ордны хэвлэлийн алба зарласан байна.

Харин уулзах газрыг дараа мэдээлэхээр болжээ.

Вашингтонд айлчилж байгаа Ким Ён Чол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээр хийсэн юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард талуудын удирдагчид Сингапурт анх уулзсанаас хойш Умард Солонгосыг цөмийн зэвсгээс салгах үйл явц зогсонги байдалд ороод байгаа.

Тэгвэл энэ удаагийн уулзалтаар гацааг арилгаж, үйл явцыг сэргээх төлөвтэй болоод байна. Тухайлбал АНУ-ын тал Умард Солонгосын цөмийн бүх зэвсгийг хураах хүртлээ эдийн засгийн хоригийг цуцлахгүй гэсэн хатуу байр суурьтай байснаа сулруулж магадгүй байгаа юм.

Пёньяны тал хоёр талаас ээлж ээлжээр буулт хийх замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах үйл явц хэрэгжих ёстой гэж үздэг.

Ким Ён Чол энэ удаа Вашингтонд ирэхдээ Ким Жон Уны захидлыг АНУ-ын ерөнхийлөгчид хүргэж ирсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Саяхан Ким Жон Ун Бээжинд богино хугацааны айлчлал хийж, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзсан нь АНУ-Умард Солонгосын удирдагчдын хоёр дахь уулзалт ойртсоныг харуулсан юм.

 

Эх сурвалж: Associated Press