Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат Vs. Л.Болд

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан Л.Болд гишүүнийг өөрийн хувь эзэмшдэг "Богд" банкандаа ипотекийн зээл олгох зөвшөөрөл авсан, Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө банк руугаа шилжүүлсэн гэх мэдэгдлийг УИХ-ын Ж.Мөнхбат удаа дараа хийсэн юм. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өмнө нь ярьсан зүйлүүдээ нотлох баримттай болохыг мэдэгдсэн.

Харин өнөөдөр дээрх хоёр гишүүн хоёулаа мэдээлэл хийсэн юм. Тэдний мэдээллийг хүргэж байна.   

"Засгийн газрыг хамгаалахын тулд ийм асуудал үүссэн гэж байгаа бол үүнийгээ нотол"      

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намайг удаа дараа хүнд гэмт хэрэгт гүтгээд байгаа. Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор надад 30 тэмбум төгрөгийн хүүгүй зээл олгосон гэж гүтгэж байна. Би энэ асуудлаар Ерөнхий сайдад хандаж, тайлбар өгөхийг хүссэн. Үнэхээр Засгийн газар надад болон өөр гишүүдэд Засагтай холбоотой асуудлаар зээл олгосон бол хариуцлагаа хүлээх ёстой. 

Миний бие тав дахь удаагаа сонгогдож байна. Мөн дунд нь хувийн секторт ажиллаж байсан. Энэ хугацаандаа “Голомт” гэдэг банк байгуулсан. Гэхдээ 2013 оноос “Голомт” банкнаас гарсан. 2014 оноос миний дүү Л.Болдхуяг “Богд” гэдэг банк байгуулан хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Энэ банканд би хувь эзэмшдэг. 
Ипотекийн зээл олгон зөвшөөрлийг бүх банк хүссэн. Гэхдээ зөвхөн “Богд” банкийг Сангийн яамны саналаар хассан.

Ж.Мөнхбат гишүүн баримтаа хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Үнэхээр Засгийн газрыг хамгаалахын тулд “Богд” банкаар дамжуулж 30 тэрбум төгрөг юм уу, найман сая ам.доллар өгсөн байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Би ийм мөнгө аваагүй. 

Хөгжлийн банк бол арилжааны бүх банктай харилцдаг. Хуулийн дагуу ажилладаг “Богд” банк Хөгжлийн банктай харилцдаг. “Богд” банк байгаа нь гэмт хэрэг байж болохгүй биз дээ. Засгийн газрыг хамгаалахын тулд ийм асуудал үүссэн гэж байгаа бол үүнийгээ нотол.      

"Богд" банк Хөгжлийн банкнаас 8 сая ам.доллар шилжүүлэн, харилцах дансандаа байршуулж байгаа нь үнэн"   

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Анх УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын гишүүн Л.Болдын хувь эзэмшдэг “Богд” банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансан дээрээ шилжүүлэн байршуулж байна гэсэн мэдэгдлийг сар орчмын өмнө хийсэн. 

Үүний өмнө Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байх үед Л.Болд гишүүнийг хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаад байгаа юм биш үү гэж би хэлж байсан. Тэр үед ипотекийн зээлтэй холбоотой асуудал ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гаднаас бонд босгох зүйл ч ярьсан. Намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Л.Болд гишүүн өөрийн хувийн банкандаа 150 сая ам.долларын бонд босгох асуудлыг дэмжиж өгөөч гэдэг хүсэлтийг Засгийн газарт тавьж байсан. Гэхдээ Л.Болд гишүүний хүсэлт биелээгүй. 

Ингээд өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд дээр “Богд” банкны харилцах дансанд 9.8 тэрум төгрөг байршиж байгаа нь үнэн, баримттай юм билээ гэдгийг хэлсэн. 

Энэ асуудал үнэн гэдгийг баримттайгаар танилцуулья. 2018 оны долоодугаар сарын 26-нд байгуулсан гэрээнд “... Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид данс эзэмшигч гэнэ/ нөгөө талаас “Богд” банк /цаашид банк гэнэ/ дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож гэрээг байгуулав” гэж байгаа юм. Энэ гэрээний 2.1.4-т мөнгөн хөрөнгө гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр данс эзэмшигчээс буюу Хөгжлийн банкнаас банканд буюу “Богд” банканд тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.доллар гэсэн байгаа. Мөн хугацаа нь 2018 оны долоодугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл 365 хоног гэсэн байна. Энэ гэрээгээр өнөөдрийн ханшаар 21 тэрбум орчим төгрөгийг Хөгжлийн банкнаас авч, харилцах дээрээ байршуулж байгаа нь нотлогдож байна

Дараагийн гэрээг 2018 оны аравдугаар сарын 24-нд байгуулсан. Мөн Хөгжлийн банк “Богд” банкны хооронд байгуулсан. Энэ гэрээний нэрийг Байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж байгаа. “Богд” банк хадгаламж авах эрхгүй жижиг банк. Тиймээс их хэмжээний мөнгийг харилцах дээрээ байршуулаад байгаа юм. Гэхдээ харилцах дээрээ ийм удаан хугацаанд бас байршуулах нь хууль зөрчиж байгаа юм билээ. 

Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан гэрээ байна. Энэ бол үнэт цаас барьцаалах гэрээ. Энэ бол “Богд” банк Хөгжлийн банкнаас авсан 9.8 тэрбум ам.долларын барьцаа болгож Монголбанкны үнэт цаасыг тавьсан гэрээ юм. 

Л.Болд гишүүн Засгийн газрыг огцруулах асуудал дээр мөнгө авсан эсэх талаараа тайлбар хийсэн. Би үүнийг нотолж чадахгүй. Гэхдээ би хардах эрхтэй

Энэ мөнгийг ингэж байршуулах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр, гаднаас харвал энэ банк сайн активтай болж харагдана. Дээрээс нь энэ мөнгийг эргэлтэд оруулж, бага хэмжээний хүү төлөөд давхар цааш нь өндөр хүүтэй хүүлж байж болзошгүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын сэтгүүлчдэд танилцуулсан Хөгжлийн банк "Богд" банкны хооронд байгуулсан гэрээний хуулбарууд