Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Камерын ашиглалтыг нэмэгдүүлэн, шинэ техник технологийг нэвтрүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахаар төлөвлөж байна"

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага олон арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.

Үүний нэг ажил нь өнгөрсөн онд идэвхтэй хэрэгжсэн "Камержуулалт" аян юм. Тус аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд орчин тойрондоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 467 камер шинээр суурилуулаад байгаа аж.

Гэсэн хэдий ч хотын гудамжинд гарсан гэмт хэргийг шалгах зорилгоор тухайн гудмын камерыг шалгахад ажиллахгүй байх нийтлэг тохиолдол гарч буй талаар иргэд мэдээлсээр байгаа юм.

Үүний учир, шалтгааны талаар ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт "Улаанбаатар хотод суурилагдсан камерууд хоорондоо харилцан адилгүй, өөр өөр үзүүлэлттэй байдаг тул ашиглалтын хувьд  доголдол, гэмтэл бэрхшээл сүүлийн үед ихээр гарч байна.

Нийтлэг ажиглагдсан доголдлуудад хол, ойрыг сайн харахгүй байх, шөнийн цагаар ажилладаггүй байх зэрэг багтаж байна. Мөн камер байнгын тог, интернэттэй байх шаардлагатай байдаг тул байнгын ажиллагаатай байлгахад хүндрэлтэй байдаг гэж хэлж болно.

Камерууд цаанаасаа ирэхдээ янз бүрийн үзүүлэлттэй байдаг тул камеруудыг нэгдсэн байдлаар хянаж харахад техник технологийн хүндрэлтэй бид тулгарч байна.

Мөн камер ашиглалтын явцад эвдэрч, гэмтэх тохиолдол ихээр гардаг. Гэмтсэн тохиолдолд түргэн хугацаанд засварлахад шаардлагатай урсгал зардал олон шатанд асуудалтай байдаг.

Тийм ч учраас энэ онд бид камерын ашиглалт болон түүний стандартыг шинэчилж, нэгдсэн зохион байгуулалттай болгох ажлыг гүйцэтгэж байна.

Камерын стандарт тун удахгүй батлагдах гэж байгаа. Мөн Цагдаагийн байгууллагын хувьд энэ онд зөвхөн камерын ашиглалтыг нэмэгдүүлээд зогсохгүй бусад төрлийн техник технологийн шийдлийг нэвтрүүлж, ашиглан гэмт хэргийн гаралтыг бууруулах тал дээр ажиллахаар төлөвлөж байна" хэмээлээ.