Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ?

ikon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2005 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ түүхэн хуудас нээгдсэн нь “IPO” байлаа.

Женко Тур Бюро тэргүүтэй компаниудаар эхэлсэн энэ үзэгдэл өдгөө Түмэн Шувуут хүртэл өрнөж 10 гаруй жилийг туулахдаа 18 компани зах зээлд IPO хийж, шинэ хувьцаат компаниуд мэндэлжээ.

Симбол  Хувьцаат компанийн нэр Бүртгэгдсэн огноо Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгө
        Хувьцааны тоо ширхэг Нийт үнийн дүн /төг/
1 AIC "Ард даатгал" ХК 6/13/18 7,500,000 5,250,000,000
2 MNDL "Мандал даатгал" ХК 5/7/18 1,560,754 7,491,619,200
3 ERDN "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК 4/4/18 3,898,000 2,494,720,000
4 МВW "Монгол базальт" ХК 4/5/18 16,925,100 6,431,538,000
5 LEND "Лэндмн ББСБ" ХК 1/26/18 200,000,000 5,000,000,000
6 ITLS Айтүүлс ХК 9/27/17 13,387,980 1,338,798,000
7 MIK  "Мик холдинг " ХК  2015-12-21 3,106,398 37,276,776,000
8  MRX  "Мерекс" ХК  2014-01-14 26,000,000 2,600,000,000
9  ETR  "Э-Tранс ложистикс" XK  2012-04-09 7,700,000 924,000,000
10 HGN "Хөх ган" ХК  2008-07-30  30,395,272 3,195,456,280
 11 NKT "Нако түлш" ХК  2008-06-24 1,180,195 270,264,655
 12 RMC "Ремикон" ХК  2008-05-19  50,480,202  5,048,820,200
 13 HRM "Гермес центр" ХК  2008-05-16  23,562,900 2,356,290,000
 14 OLL "Оллоо" ХК  2007-09-12 5,820,299 582,029,900
 15 HBO "Хай би ойл" ХК  2007-05-02 4,000,000  400,000,000
 16 BDS  "Би ди сек" ХК  2006-06-22 7,500,000  750,000,000
 17 JTB  "Женко тур бюро" ХК  2006-01-17  78,895,885 8,259,239,676
18 MSH  "Монгол шилтгээн" ХК  2005-05-25  1,000,000 800,000,000

Эх сурвалж: www.mse.mn

IPO гэдэг нь тухайн компани олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, хөрөнгө босгож байгаа үйл явцыг хэлдэг. Энэ нь дээхэн үед төрийн өмчийн компаниудыг цэнхэр, ягаан тасалбараар үнэгүй хувьчилж авснаас тэс ондоо, зарчмын хувьд сонгодог хэлбэрт шилжиж, хөгжлийн шат ахисан хэрэг юм.

Энэ цаг үеийн нэгэн эд эс болсон миний хувьд ч гэсэн оюутан байхаасаа буюу 2007 оноос хойш IPO-д тасралтгүй оролцож ирсэн билээ. Эргээд харахад IPO босгохын тулд үнэт цаасны шинжээчид, хууль, аудитынхны хамтран судалж, боловсруулдаг “Үнэт цаасны танилцуулга” нь гайгүйхэн их сургуулийн оюутны дипломын  ажлыг хол хаясан нарийн нягт  нямбай ажил болохыг ухаарч байна.

IPO-оор босгосон мөнгөөрөө тансаг зэрэглэлийн машин авч унаад олны мөнгийг үргүй ашиглаж байсан хүмүүсийг ч харж байлаа. 

Гэхдээ энэ замбараагүй явдал 2011 оны “Компанийн тухай хууль”, 2013 оны “Үнэт цаасны тухай хууль”-иудад орсон нэмэлт өөрчлөлтийн үр дүнд хариуцлагын тогтолцоо чангарснаар  цэгцэндээ орж эхэлсэн билээ. Одоо бол хуулийн хүрээнд, IPO гаргаж буй компаниудын шүүсийг шахаж, эрсдэлийг бууруулах ажил урьд өмнөхөөсөө чангарсан юм. Гэхдээ л ямар ч бизнест гадаад болон дотоод хүчин зүйлийн эрсдэлүүд ямагт оршин байдгийг мартах учиргүй.

Ингээд та бүхэнд өөрийн алдаж бас онож байсан туршлагаасаа хуваалцъя.

Зарчим 1:

БОГИНО ХУГАЦААНД АРИЛЖАА ХИЙХ БУС УРТ ХУГАЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛ.

Богино хугацаанд ханшийн давлагаан дээр тоглож мөнгөө өсгөнө гэдэг хүн бүхний чихэнд сайхан сонсогдох нь гарцаагүй. Зарим нь бүр олсон ашгаараа ийм, тийм юм авна гээд бодолдоо ургуулан төсөөлж, мөрөөдөж суудаг. Гэвч бодит байдал дээр бодсон шиг чинь амархан биш. Арилжаа хийж богино хугацаанд мөнгөө 20, 30 хувиар өсгөх нь сайхан сонсогдож байгаа ч тухайн хүнээс нарийн мэдрэмж, найдвартай эх сурвалж, цагийн менежмент гээд олон зүйлийг шаарддаг.

Энэ бүхэн ихэнх хүмүүсийн хувьд хэцүү шаардлагууд юм. Тиймээс урт хугацаанд, алсыг харж хөрөнгө оруул. Тухайн компанийн бизнес, үүсгэн байгуулагч, зах зээл, нөөц бололцоог судлаад дор хаяж 1 жил, цаашилбал 3 жилээр хөрөнгө оруул. Энэ нь эрсдэл багатай ашигтай сонголт байх болно.

Зарчим 2:

АШИГТ ХЭТ ТӨВЛӨРЧ БОЛОХГҮЙ. ЭРСДЭЛЭЭ ХАМГИЙН ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛГОЖ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

Ихэнх хүмүүсийн алдаа нь ашигт хэт улайрч эрсдэлээ умартдаг. Тиймээс эхлээд би ямар шийдвэр гаргавал мөнгөө алдахгүй байх вэ гэж бодох хэрэгтэй. Энэ асуултад зөв хариулт олж чадвал та мөнгөө бараг л өсгөчихлөө гэсэн үг.

Үнэт цаасны танилцуулгад  дүүрэн боломж, ашиг, орлого, ханшийн өсөлт, гэрэлт ирээдүйн талаар л бичсэн байгаа. Та үүнийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд хүлээж авбал нүдээ аниад зам хөндлөн гарч байна л гэсэн үг. Иймд учирч болох эрсдэлүүдээ жагсааж байгаад эхнээс нь тодорхой болгох хэрэгтэй.

ДЭЭРХ ХОЁР БОЛ ТА БҮХЭНД МИНИЙ ЗҮГЭЭС САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНДСЭН ЗАРЧИМ. ХАРИН ОДОО ХЭРХЭН ЧАНАРТАЙ IPO-Г ЯЛГАХ ТАЛААР ӨӨРИЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЪЯ.

ТҮҮХ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА БИШ ХЭДИЙ Ч ТЭНДЭЭС Л ИРЭЭДҮЙГ ТААМАГЛАДАГ

Ямар ч судалгаанд ирээдүйг таамаглахдаа өнгөрсөнд болсон үйл явдал, тоон мэдээллийг ашигладаг. Түүхэн өгөгдөлд үндэслэн ирээдүйг таамаглахдаа цаашид “ингэвэл яах вэ?” /what if/ гэсэн нөхцөл тавих замаар учирч болох эрсдэлийг тодорхойлдог.

Иймд компанийн аудитлагдсан санхүүгийн тайланг хар. Орлого ашиг нь өсөлттэй, зах зээлд эзлэх хувиа тэлж ирсэн бол энэ нь яах аргагүй итгэл үнэмшил төрүүлэх хүчин зүйл мөн.

Орлого ашгаас гадна балансын бүтцийг харах хэрэгтэй. Хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгө байна уу? Үндсэн хөрөнгө нь хэр зэрэг элэгдэж вэ? Хөрөнгө оруулалт хийхдээ хэдий хэмжээний зээл авсан байна? Өрийн таазаа цөм цохиод гарсан байна уу? Эсвэл хэвийн түвшинд байна уу? гэх мэт үзүүлэлтүүдийг харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацааны аудитлагдсан санхүүгийн тайлангаар түүх нь мандан бадарч байвал ЗАРЧИМ 1 ба 2-ыг дэмжиж байна гэсэн үг.

ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭГ БОДИТ СТАТИСТИК ТООНД ҮНДЭСЛЭН ТОГТООСОН БАЙХ ЁСТОЙ

Хувьцааны үнэлгээг хийхдээ тухайн компанийн одоо байгаа бодит бизнесийн тоонд үндэслэх ёстой. Харин “Бид ийм үйлдвэр бариад, бүтээгдэхүүнээ ингэж борлуулаад орлого ашиг тэгж өсссөнөөр үнэлгээ ийм гарч байна” гэж яриад эхэлбэл ЗАРЧИМ 2-ыг үгүйсгэж байна гэсэн үг. Тодруулбал, “Хийгээгүй зүйлээ хийж чадна гэж амлах”, “Хийж байгаа зүйлээ улам сайн хийнэ“ гэж хэлэх нь эрсдэлийн түвшингээрээ эрс тэс ялгаатай гэдгийг мартаж болохгүй.

ЭЗЭН НЬ ҮНЭНЧ, ЦЭРЭГ НЬ ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ

Тухайн бизнес хичнээн ашигтай байсан ч эзэн нь танд үнэнч биш, цэргүүд нь шударга хандахгүй байвал хувьцааны хөрөнгө оруулалт амжилт олохгүй. Компанийг үүсгэн байгуулсан эзэнтэн өөр ХХК-иар дамжуулан таны компанийн үржил шимийг сороод байвал яах вэ?

Эзэнтний цэргүүд болох компанийн удирдлагын баг таны эрх ашгийг бус өөрсдийн эрх ашгийг урдаа тавиад байвал яах вэ? Үргүй зардал өсөж,  өндийх байсан компани чинь үр ашиггүй болоод эхлэнэ. Тиймээс таны эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадах эзэнтэй, удирдлагын багтай компанид хөрөнгө оруул. Ингэснээр ЗАРЧИМ 1 ба 2 дэмжигдэнэ.

Улс төр, макро эдийн засаг, хууль эрх зүйн тогтворгүй байдлаас хамаарал багатайг сонго

Өнөөгийн улс төрийн орчин дөнгөж хөл дээрээ босож буй бизнесийг яаж тарчлааж буйг, унаж буй бизнесийг яаж угжиж буйг бид тод харж байна. Мөн макро эдийн засгийн тогтворгүй байдал компаниудыг бизнесээ эрсдэл багатай удирдахад хүндрэл учруулдаг. Хууль өөрчлөгдөх бүрт бизнесийн орчин орвонгоороо эргэдэг. Уул уурхай, барилга гэх мэт улс төр, макро эдийн засаг, хууль эрх зүйн орчноос хүчтэй хамаардаг бус жижиглэнгийн борлуулалт сайтай, болж өгвөл экспорт хийж буй компанид хөрөнгө оруулах нь ЗАРЧИМ 2-ыг дэмжинэ.

Ингээд та бүхэнд өөрийн туулсан зам, алдсан алдаа, оносон бүхнээ нэгтгэн байж таны шийдвэр гаргалтад тус болно гэж найдан энэхүү нийтлэлийг хүргэлээ.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

           

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.