Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сербид айлчилж байгаа Путин тус улсын ерөнхийлөгчийг Аурус лимузиндаа суулган дагуулж явжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Балканы хойгийн Серби улсын нийслэл Белградад айлчлан ирсэн юм.

Түүнийг Сербийн ерөнхийлөгч Александр Вучич угтаж авжээ. Гэтэл Путин өөрийг нь угтаж авсан ерөнхийлөгчийг ОХУ-д үйлдвэрлэсэн 6 тонн жинтэй, 6.6 метр урттай Аурус лимузиндаа суухыг урьж, хамтдаа Белградын төвийг зорьсон байна.

Энэхүү тансаг ангиллын шинэ автомашиныг Путин өнгөрсөн оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө анх хөлөглөж байсан юм. 

Түүнээс хойш Аурусыг Финландын Хельсинкид болсон АНУ-ОХУ-ын удирдагч нарын уулзалт, Аргентины Буэнос Айрест болсон Их 20-ын уулзалтад тус тус тээвэрлэн хүргэж, Оросын ерөнхийлөгчийн унаа болгож байв.

Саяхан ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн Рэнж Ровер автомашиныг Аурусаар сольжээ.

Сүүлийн үед Серби болон Косово улсуудын зөрчил нэмэгдэж, Косово нь Европын Холбооны дэмжлэгийг аваад байгаа бол Серби улс угсаа гарал, хэл соёл, шашин шүтлэг нэгтэй Оростой харилцаагаа сайжруулах замаар хүчний харьцааг тэнцүүлэх гэж оролдож байгаа юм.

Серби улс өөрөөс нь салан тусгаарлаж байгуулагдсан Косовотой хилийн зурвасаа шинэчлэн тогтоох санал гаргасныг Европын Холбоо эсэргүүцэж байгаа. Брюсселийн эрх баригчид хилийн шугамыг шинэчлэн тогтоох нь 100,000 гаруй хүний аминд хүрсэн Югославын дайнтай ижил зөрчил хямралыг үүсгэх эрсдэлтэй гэж үзэн болгоомжилж байна.

1999 онд NATO-гийн бөмбөгдөлтийн үр дүнд Сербийн цэрэг Косовогоос гарч, үүнээс 10 орчим жилийн дараа Косово тусгаар тогтнолоо зарласан юм. Харин Серби өнөөдрийг хүртэл Косовог хүлээн зөвшөөрөөгүй байна.

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Европын Холбоонд элсэхийн тулд тэдний удирдагчдын үгийг бүрэн дагах албагүй гээд ОХУ-тай харилцаагаа ижил түвшинд хөгжүүлэх сонирхлоо илэрхийлээд байгаа юм.

Тиймээс өчигдөр Владимир Путиныг Сербийн тал хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.

 

Эх сурвалж: Russia Today, Bloomberg