Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын пуужингаас хамгаалах системийг сайжруулах төлөвлөгөөг танилцуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улс сансарт хүртэл ажиллах чадвартай пуужингаас хамгаалах шинэ систем хөгжүүлж, нэвтрүүлэхээр болсныг зарлалаа.

Ингэснээр АНУ-ын батлан хамгаалах хүчин чадал эрс нэмэгдэж, ОХУ, Хятад, Иран, Умард Солонгос зэрэг улсуудын үзүүлж буй аюул заналаас бүрэн хамгаалагдах гэнэ.

Трамп өчигдөр АНУ-ын пуужингаас хамгаалах зэвсэглэлийн талаар шинэчилсэн тайланг Пентагонд танилцуулсан нь 2010 оноос хойш анхны тохиолдол байв. Тэрээр үндсэн зорилгоо “Нэгдсэн Улсын зүгт харвасан ямар ч пуужинг хэзээ ч, хаанаас ч олж, устгах явдал юм” гэж энгийнээр тодорхойлжээ.

Трамп бас сүүлийн үед яригдах болсон дуунаас хурдан болон сайжруулсан далавчит пуужингаас хамгаалах систем хэрэгтэй байгааг онцолсон байна.

Пуужинг сансар огторгуйд явахад нь илрүүлж, устгах технологийн тухай Трамп ярьсан нь 1980-аад оны үед ерөнхийлөгч Рональд Рейганы анх дэвшүүлж байсан “Оддын дайн”-ы санаачилгатай адил төстэй сонсогдож байгаа юм.

Трамп сансрын хамгаалалтын хүчин чадал нь ирээдүйд АНУ-ын батлан хамгаалах салбарын маш том хэсэг болно гэж мэдэгджээ. Түүнтэй хамт мэдэгдэл хийсэн Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан өрсөлдөгч Орос, Хятад улсууд илрүүлэх, мөрдөх, устгахад хэцүү шинэ зэвсэглэлээр хөөцөлдөж байгааг тухай яриад Вашингтон зөвхөн тэдний аюулаас өөрийгөө хамгаалах биш, тэднийг энэ чиглэлд гүйцэж түрүүлэх сонирхолтой байгааг мэдэгдсэн байна.

Тэр бас Умард Солонгосын пуужингийн аюулыг “санаа зовоож буй чухал асуудал” гэж нэрлэжээ. Өнөөдөр Умард Солонгосын тусгай элч Ким Ён Чол Вашингтонд зочилж, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Пёньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийх гэж байгаа юм.

Ярианыхаа туршид Орос, Хятадын нэрийг тухайлан дурдаагүй Трамп Ираны баллистик пуужингийн технологийн хөгжлийг онцгойлон ярьсан байна.

Трамп өчигдрийн мэдэгдэлдээ АНУ 20 шинэ пуужингаас хамгаалах системийг Аляскад нэмж байрлуулах болсныг зарлажээ. Одоо Аляска дахь Форт Грили агаарын баазад 44 хамгаалах систем байрладаг юм.

Хамгаалалтын шинэ системийнхээ технологийг АНУ холбоотнуудтайгаа хуваалцахад бэлэн, гэхдээ тэд зардлыг нь төлөх ёстой гэдгийг Трамп мөн энэ үеэр сануулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press