Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нөлөө нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал Киргизистанд болж, олон хүн баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Киргизийн нийслэл Бишкек хотод тус улсад өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөөний эсрэг олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулагдаж, арав гаруй хүнийг цагдаа нар баривчилжээ.

Жагсагчид Хятадын ажилчдыг ирүүлэхгүй байх, Хятадад тавих Киргизийн өрийг бууруулах, Киргиз хүнийг Хятад хүнтэй гэрлэхийг хориглох зэрэг хэд хэдэн шаардлагыг эрх баригчдад тавьсан байна.

Төв талбайд цугларсан тэмцэгчид сүүлдээ тус улсын ерөнхийлөгч, парламент байрладаг байр руу ойртсон тул цагдаагийн хүч жагсагчдыг зогсоох, баривчлах арга хэмжээ авсан байна.

 

Жилийн өмнө Бишкекийн гол цахилгаан станцад Хятадын компани өргөтгөл хийсний дараа гэмтлийн улмаас таван хоног харанхуй болж, нийгмийг цочроож байв. Энэ үйл явдлаас хойш Төв Азийн 6 сая хүн амтай Киргизистан улсад Хятадын эсрэг үзэл улам эрчимжжээ.

Мөн сүүлийн үед Хятадын баруун хязгаар Шинжаанд киргиз үндэстнүүдийг бусад муслимуудын нэгэн адил баривчилж, хорих болсон тухай мэдээ Киргизистаны иргэдийг Бээжингийн эсрэг үзэлтэй болгоход хүргэж байна.

Бээжингийн эрх баригчид муслим хүн амыг шашны радикал үзлээс салгах нэрийдлээр “дахин боловсруулах” төвүүдэд хүчээр хорьж, улс төрийн хүмүүжил олгох арга хэмжээ авч байгаа юм.

2016 онд Бишкек дэхь Хятадын элчин сайдны яамны хашаа руу машинтай этгээд довтлон орж, бөмбөг дэлбэлснээс элчингийн гурван ажилтан шархдаж байв. Уг хэргийг Уйгарын салан тусгаарлагчид үйлдсэн гэж Киргизийн эрх баригчид зарлаж байжээ.

Өнөөдөр Хятад улс Төв Азийн бүс нутгийн худалдааны гол түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа. Үүнээс гадна Бээжингийн хэрэгжүүлж байгаа “Зам ба Бүс” дэд бүтцийн аварга төслийн нэг чухал хэсэг нь Төв Ази юм.

Киргизийн засгийн газрын тэргүүн шадар сайд Кубатбек Боронов мэдэгдэхдээ жагсагчид нийгэмд айдас төрүүлэх зорилгоор тараасан худал мэдээлэлд итгэж байна гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятадаас тус улсад ирсэн ажилчдын тоо 1,000 хүрэхгүй тоотой байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters