Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Янжинпагма: Жижиг, дунд үйлдвэрлэгчид хэнд худалдахаа тооцоололгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь нийтлэг ажиглагдсан

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрлэгчид эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж, цаашид хөгжих боломжийн талаараа бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани болон төрийн байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөж байна. Уг уулзалтыг МИРИМ Консалтант ХХК санаачлан Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөл, Сангийн яам болон Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй юм. 

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын жижиг дунд бизнесийн салбарт сүүлийн таван жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэл болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ дараагийн таван жилд зөвлөх үйлчилгээний оруулах хувь нэмэр, бүтээх үнэ цэнийг тодорхойлж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Зөвлөлдөх уулзалтын талаар МИРИМ консалтант ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Янжинпагма “2018 оны байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 81 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд нийт ажиллах хүчний 67 хувийг бүрдүүлж байгаа. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлж байна. Хэдийгээр 17 хувь гэдэг нь бага тоо биш ч ажиллах хүчний дийлэнх хувийг ажиллуулж байгаа салбар гэхэд чамлалттай. Үүнээс үзэхэд олон газарт хүч тарамдсан байдлаар үр өгөөжтэй багатай ажиллаж байна гэж болохоор байна” гэлээ. 

Олон улсын түвшинд жижиг, дунд бизнесийг үндсэн гурван чиглэлд анхаардаг байна.

  • Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих 
  • Жижиг, дунд бизнес гүйцэтгэл, үр өгөөжтэй ажиллах
  • Ажлын байраар хангах, ажиллах хүчийг бүрдүүлэх зэрэг юм. Манай улсын хувьд ажиллах хүч бүрдүүлэхийг биелүүлсэн байгаа ч дээрх хоёр чиглэлийг хөгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байгааг Н.Янжинпагма хэлж байлаа.

Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрлэгчид хэн авах вэ гэдгийг сайтар тооцоололгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь нийтлэг ажиглагдсан гэлээ.Тиймээс ямар бүтээгдэхүүнийг хэр хэмжээгээр үйлдвэрлэх вэ, хэрэглэгчдийн эрэлт юу вэ, цаашид хэрхэн үйлдвэрлэлээ өргөжүүлж, хөгжүүлэх вэ гэдэг тал дээр зөвлөх компаниудтай хамтарч ажиллах шаардлага зүй ёсоор гарч байгаа гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихтэй холбоотой хуулийг шинэчлэх шаардлагатайг зөвлөлдөх уулзалтын үеэр онцолж байлаа. Тэрбээр, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд хуулийг шинэчлэх шаардлагатай. Хуульдаа жижиг, дунд бизнес гэж юу вэ гэдэг ангиллыг тодорхой болгох шаардлага бий. Мөн төрөөс дэмжих бодлогуудыг тодорхой болгох үүднээс шинэчилсэн найруулгыг оруулж байгаа. Түүнчлэн бизнесийн зөвлөх үйлчилгээ байх ёстой учраас дэмжлэг байдлаар уг үйлчилгээг хуульд тусгаж байна” хэмээлээ.

Г.Гэрэлцэцэг: Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллагад хандах нь цаг хугацаа хэмнэх, оновчтой шийдэл олох зэрэг сайн талтай
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хайнаг толгой” хоршооны дарга Г.Гэрэлцэцэг: Зөвлөх үйлчилгээ бидэнд маш их хэрэгтэй. Бид өөрсдийн чаддаг зүйлээ л урлаад борлуулж байна. Гэтэл үүнийг хөгжүүлэн томоохон бизнес болгох гэхэд санхүүгийн мэдлэг дутдаг. Өөрсдөө бүгдийг нь хийе гэхээр алдаж, оносоор цаг хугацаа их алдах магадлалтай. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллагад хандсанаар цаг хугацаа хэмнэх, оновчтой шийдэл олох зэрэг сайн талтай. Үүний дээр бидэнд тулгамдаж буй нэг асуудал нь энэ жил нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн явдал.

Ш.Дэлгэрмаа: 76 аж ахуйн нэгжид 1.3 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн бизнес төслийн шинжээч Ш.Дэлгэрмаа “Манай төслийг зорилго нь уул уурхайн бус аж ахуйн нэгжид 100 хүртэлх мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, тухай салбарын сургалт судалгааг хийх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Манайх 2017 оны долдугаар сард анхны төслөө авч байснаас хойш нэг жил гаруйн хугацаанд нийтдээ 76 аж ахуйн нэгжид 1.3 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ байгуулсан. Үр дүнд нь долоон шинэ экспортлогчийг төрүүлж, экспортын дөрвөн шинэ бүтээгдэхүүнтэй болжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn