Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 1995, 2003, 2008 онд багш нарын цалинд дорвитой өөрчлөлт оржээ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

МУБИС, МУИС, Боловсролын Хүрээлэн, БМДИ, Боловсролын Үнэлгээний Төв жил бүр хамтран зохион байгуулдаг “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр тав дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлаар жил бүр манай улсын боловсролын байгууллагын эрдэмтэн судлаач, багш нар боловсролын салбарын нөөц бололцоо, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор арга замыг хайж, судалгааг гүйцэтгэдэг аж.

Боловсролын эдийн засгийн ухаан гэдэг нь боловсролын хязгааргүй хэрэгцээг боловсрол, сургалтын хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангахыг судалдаг ойлголт хэмээн товч хэлж болно.

Манай улсын боловсролын салбар олон зуун мянган үйлчлүүлэгчтэй хэдий ч боловсрол судлалын шинжлэх ухааны чухал салбарын нэг болох боловсролын эдийн засгийн ухааны хөгжил хоцрогдонгуй байгааг зохион байгуулагчид дурдаж байв.

Тийм ч учраас үндэсний хэмжээнд зохион байгуулж буй энэхүү хурлаар Монголын боловсролын эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох, хэмжих, боловсролын нөөцийг зөв хуваарилах, боловсролыг санхүүжүүлэх, төлөвлөх асуудлуудыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг олох нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго аж.

 
Гэрэл зургийг: MPA.mn

МУБИС, МБУС-ийн Дидактикийн тэнхимийн багш Я.Мөнхсайхан "Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд багш, судлаачид хэд хэдэн асуудлыг хөндөн гаргаж иржээ. Эдгээрээс бүх шатны боловсролын багшийн цалин болон эрүүл мэндийн асуудал, салбар салбарын багш нарын харилцан хамаарлын талаарх судалгааг түгээмэл хөндсөн ажлыг ирүүлсэн байна” гэлээ.

Багшийн цалин хөлсний талаарх судалгааг гүйцэтгэсэн СЭЗИС-ийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн доктор, профессор  Ч.Наранчимэг "Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин хөлсний асуудал тулгамдсан асуудал болж байсан. Энэ дүр зураг энэ жил ч мөн хэвээр ажиглагдаж, чухал асуудал хэвээр байсаар байна.

Судалгааны үр дүнгээс харахад хэрэв цалин жил бүрийн инфляц болон эдийн засгийн өсөлттэй хамт өсөж явж байсан бол одоогоор багш нарын цалин 150-200 мянган төгрөгөөр илүү байх байжээ гэсэн үр дүн гарсан. Энэ жилийн хувьд ч мөн өмнөх судалгаагаа үргэлжлүүлэн, багшийн цалин хөлсийн кэйс судалгааг хийж оролцож байна" хэмээлээ.

Багшийн цалин хөлс улсын ДНБ-ийн хэдэн хувийг эзэлж буйг МУБИС-ийн багш Г.Өлзийсайхан, ЭӨЦС-ийн багш Г.Дэлгэрсайхан нар "ЕБС-ийн Багшийн цалин хөлсний бүтэц, өөрчлөлтийн судалгаа"-г  гүйцэтгэж хуралд оролцжээ. Тус судалгааны ажлын онцлох тоо баримтыг хүргэе.​

  1. Судалгаанд багшийн цалин хөлс Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингийн түвшинд хүрэхгүй, 2005 он хүртэл багшийн цалингийн өсөлт нь инфляцын өсөлттэй уялдаж байсан ч түүнээс хойш уялдаж чадахгүй байгаа нь багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардах бичиг өргөн барих, ажил хаялт хийхэд хүргэж буй талаар судлаачид дурдсан байна.
  2. Манай улсын багшийн цалин хөлсний бодлого төрийн албан хаагчийн цалин хөлсний бодлогын хүрээнд хамаардаг бөгөөд үүнтэй холбоотой өөрчлөлтөөр 1995, 2003, 2008 онуудад багш нарын цалинд дорвитой өөрчлөлт орсон байжээ.
  3. 1995 оноос багшийн нэмэгдэл хөлсийг олгох болж, 2003 онд үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтрүүлсэн ч энэ нь багшийн хоорондын орлогын ялгааг үүсгэж, урамшууллын тогтолцоог үр өгөөжтэй ашиглаагүй зэрэг асуудлууд гарсаар байгаа аж.
 
Нэг хүнд ногдох ДНБ болон багшийн үндсэн цалингийн өсөлт/ жил, мянган төгрөг/

Дээрх хүснэгтээс багшийн цалингийн доод, дээд хязгаарыг нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулахад 2005 онд 0.5, 0.7 хувийг эзэлж байна. Харин энэ харьцаа 2008, 2009 онуудад 1.0, 1.3 болж өссөн ч үүнээс хойш буурсаар 2017 онд 0.7, 0.8 хувьтай болсон байна. Энэ нь багшийн цалин улсын нэг хүнд ногдох ДНБ-ээс бага буюу багш нар маш бага хэмжээний цалин авч байна гэдэг нь харагдаж байгаа юм.